АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулагчид хуралдав
Монгол Улс 2016 онд болох АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтыг даргалан эх орондоо хийлгэхээр болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч уг ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах тухай зарлиг гаргаж, бүрэлдэхүүнийг нь баталсан юм.
Тэгвэл Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа өнөөдөр хийж, дээд түвшний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, ажлын хэсгүүдийг байгууллаа.
Үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргаар Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний зөвлөлийн гишүүдээр Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ерөнхий сайдын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх нар тус тус ажиллана.
АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах ажлын албаны даргаар тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Д.Ганхуяг ажиллах юм.