Сангийн сайд Дэлхийн банкны ОУСК-ийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сангийн сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Вивек Падак тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Сангийн сайд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын тулгуур салбарууд болох уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг дэлхийн жишигт хүргэхэд дэмжлэг үзүүлж ажиллах, цаашилбал Монгол Улсад явуулж буй үйл ажиллагаагаа улам идэвхижүүлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүслээ.
ОУСК-ийн төлөөлөгчид үүнтэй санал нийлж, цаашид Монгол Улсад ОУСК-ийн үйл ажиллагааг аль салбарууд руу чиглүүлэх, хэрхэн тэлж болох талаар хоёр тал хэлэлцэх нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэв. Төлөөлөгчид ОУСК-ын үйл ажиллагааг хөдөө аж ахуй, банк, санхүү, үйлдвэрлэл, харилцаа холбооны салбаруудад үргэлжлүүлэн явуулахаа илэрхийллээ. Мөн, ОУСК бусад хөрөнгө оруулагч нартай хамтран Оюу толгой төслийг дэмжиж, санхүүжилт олгох байр суурь хэвээр байгаа гэдгээ илэрхийлэн төслийн хоёр дахь шат ойрын хугацаанд эхлэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.