400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу байгаа гэв
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2014.12.16
Эдийн засаг, Худалдаа

400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу байгаа гэв

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан 2014 оны төсвийн тодотгол, эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээллийг сонссон байна.

Түүнчлэн шинээр томилогдсон зургаан сайдаас мэдээлэл авсан гэнэ. Энэ талаараа бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийсэн юм. Бүлгийн хуралдаанд оролцсон Сангийн сайдын мэдээллээр Монгол Улсын төрийн сан -717 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд төгрөг, нийтдээ 3.1 их наяд төгрөгт хүрчээ. Тиймээс Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган өнөөдрийн эдийн засгийн бодит нөхцөл байдалд дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох нь зүйтэй гэж үзжээ.

Мөн Хөгжлийн банкны зээл, Чингэс, Самурай бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн санхүүжилт, зарцуулалтыг ил болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэлээ. Засгийн газрын гишүүдийн чиг үүрэг, эрхлэх асуудлыг өөрчлөх асуудлыг шаардлагатай бол УИХ дээр хэлэлцэх шаардлагатай гэсэн байна. Тэгвэл төсөвтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат дараах тайлбарыг өглөө.

-Өнгөрсөн долоо хоногт 2014 оны төсвийн тодотголыг өргөн барив. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Ажлаа аваад удаагүй байна. Энэ богино хугацаанд Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор 2014 оны төсвийн тодотголыг өргөн барьсан байгаа. Ер нь байдал хүндхэн байгаа. Маш олон санхүүжих зардлууд ар араасаа хүлээгдсэн, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 64 хувьтай байна.

Он дуусах хүртэл үлдсэн арав гаруй хоногт 600 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэх шаардлагаСангийн яаманд тулгараад байна. Орлого төвлөрүүлдэг байгууллагууд маань 12 дугаар сард төвлөрүүлэх ёстой орлогоо бүрэн төвлөрүүлэхээ илэрхийлсэн. Харамсалтай нь өмнө нь орлогын төлөвлөгөө нэг их наяд төгрөгөөр тасарсан учраас энэ нэг их наяд төгрөгийн зарцуулалтыг бүрдүүлж гаргах асуудал нь хүндрэл үүсгэсэн.

Төсвийн тодотголыг бодит нөхцөлд тулгуурлан өргөн барихыг бодсон ч хугацааны хувьд төсвийн жил дуусах дөхсөн байхад санхүүжилтүүд дандаа өр хэлбэрээр эх үүсвэрээ бий болгоод гарчихсан байна. Өмнөх Засгийн газрын хэрэглэсэн зардлыг хасч тооцох ямар ч бололцоогүй, бодит байдалд нь нийцүүлж орлого, зарлагыг тус бүр нэг их наядаар бууруулах боломжгүй байна. Тиймээс өмнөх Засгийн газрын тавьсан өрийг барагдуулах, бүтэцтэй холбогдуулан яамдад бүтэц, орон тооны хуваарилалтыг хийх чиглэлд 2014 оны төсвийн тодотголыг хийсэн.

-Тасарсан орлогыг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх гарц байгаа вэ?

-Төлөвлөснөөс 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу байгаа. Гэхдээ гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэж Сангийн яам шийдсэн. Тендер нь зарлагдаагүй төсөл хөтөлбөрүүд ч бий. Он дуустал 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага бий.

Бидний хувьд ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар ярьж байна. Нэгэнт төрийн сангийн данс хэдэн зуун тэрбумаар хасах руу орж дутуу биелсэн орлогынхоо төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаад явчихсан байгаа. Тиймээс урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардалд нийтдээ 600 тэрбумыг гаргана. Нийт олох бололцоотой орлого нь 300 орчим тэрбум гэж тооцоолж байгаа. Үлдсэн орлогыг ямар эх үүсвэрээс яаж бүрдүүлэхийг Засгийн газраас шийдвэр гаргаж шийднэ.

Харин МАН-ын бүлгийн хуралдаанаар яамдын дэд сайд нарын нэрсийг хэлэлцсэн эсэх талаар лавлахад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Бүлэг дээр ямар ч тийм асуудал яригдаагүй. Харин дэд сайд болох хүсэлтээ илэрхийлсэн МАН-ын гишүүн олон хүн байгаа. Тэр хүмүүсийг ямар байдлаар нэр дэвшүүлэх вэ, ямар шалгуур тавих вэ гэдэг талаараа МАН-ын дарга М.Энхболд бүлгийн гишүүдэд танилцуулга хийсэн.

Дэд сайд нарыг өрсөлдүүлэх зарчим баримтална. Гэхдээ дэд сайд маань урьд өмнө хийж байсан ажлын туршлага, боловсрол нь юу вэ, МАН-ын төлөө сэтгэл зүрхээ гаргаад хөдөлмөрлөж байсан уу үгүй юу "гэх зэрэг олон шалгуурыг тавьж байж дэд сайдад нэр дэвшигч нарыг тодруулж өрсөлдүүлнэ” гэсэн хариултыг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ