Урсгал зардлыг 250 тэрбум төгрөгөөр бууруулах тооцоог МАН-ын бүлэг хийлээ
Хоёр өдөр дараалан ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн УИХ дахь МАН-ын бүлэг ямар шийдэлд хүрсэн талаар бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ.
Хэдийгээр Ерөнхий сайд, Сангийн сайдгүй ч гэсэн төсвийн төсөл УИХ-ын мэдэлд ирсэн учраас хариуцлагатай хандаж, хуулийн хугацаанд нь батлах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. МАН-ын бүлгээс байгуулагдсан Төсвийн ажлын хэсэг Сангийн яам болон Төсвийн байнгын хорооны ажлын хэсэгтэй хамтарч хэд хэдэн удаа хуралдсаны эцэст төсвийн урсгал зардлыг бууруулах ёстой гэдэгт санал нэгджээ.
Нийт дүнгээрээ 250 гаруй тэрбум төгрөгийн урсгал зардлыг бууруулснаар цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, царцаагдсан хөрөнгө оруулалтыг урагш нь явуулах боломжтой гэж үзсэн байна.
Тухайлбал, эмнэлэг, цагдаа, онцгой байдлаас бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв дэх шатахууны зардлыг 30 хувиар бууруулахад 5 тэрбум 880 сая төгрөгийн хэмнэлт гарах юм байна.
Гадаад томилолтын зардлыг бууруулбал 2.9 тэрбум төгрөг, дотоод томилолтын зардлыг 2012 оны төвшинд хүргэвэл 7.0 тэрбум төгрөг, бараа үйлчилгээний зардлыг 20 хувиар бууруулахад 14 тэрбум, Засгийн газрын тусгай сангийн санхүүжилтийг танавал 50.3 тэрбум гэх мэт тэвчиж болох олон зардлыг хэмнэх тооцоо гаргаснаа бүлгийн дэд дарга Д.Оюунхорол танилцууллаа.
Мөн бүх төвшиндөө орон тоогоо нэмсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын орон тоо, зардлыг 2012 оны төвшинд хүргэснээр 4.0 тэрбум төгрөг, "Цэвэр агаар" сангийн 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг танаж 15 тэрбум болгохоор МАН-ын бүлэг тооцжээ.
Түүнчлэн аймаг, дүүрэг бүхэн Засаг даргын нэг орлогч, агентлаг бүр нэг дэд даргатай байснаар зардал хэмнэгдэх боломжтой гэж үзэв. 601 орон тоотой Тахарын албыг чиг үүргийн хувьд давхардал ихтэй байгаа гэж гишүүд шүүмжилж байгаа учраас энэ асуудлыг судлах, хуульд нь өөрчлөлт оруулах, төсвийг нь О дүнтэй тавих, Хилийн боомтын захиргааг цомхотгох зэрэг санал гарсан байна.