УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат цахим ярилцлага хийлээ
Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2014.06.26/ Төрийн ордны “Г” танхимд боллоо.
УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй зургаа дахь удаагийн цахим ярилцлагад Сэлэнгэ аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Сарантуяа, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай холбогдож буй энэ удаагийн цахим ярилцлага “Орон нутгийн төсөвт тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Сарантуяа орон нутгийн төсвийн асуудлаар мэдээлэл хийв.
2014 онд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны татвар болох 528,7 сая төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлэх ёстой ч одоогийн байдлаар нэг ч төгрөг орж ирээгүй байна.
Тэрээр мэдээлэлдээ, Сэлэнгэ аймгийн өнгөрсөн тавдугаар сарын орон нутгийн орлого 123 хувийн биелэлтэй байгаа ч Мандал сум ихээхэн хүндрэлтэй байна. Учир нь Мандал суманд үйл ажиллагаа явуулж буй “Бороо гоулд” ХХК-аас энэ 2014 онд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны татвар болох 528,7 сая төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлэх ёстой ч одоогийн байдлаар нэг ч төгрөг орж ирээгүй байна. Энэ нь Засгийн газраас “Гацууртын алтны орд”-ыг ашиглах асуудлыг шийдвэрлэхгүй байгаатай холбоотой гэдгийг тайлбарласан.
Тус сум төрийн албан хаагчдынхаа цалинг олгож чадахгүй байгаа нь дээрх нөхцөл байдлаас шалтгаалж байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын цалинг хагас дутуу олгосон талаар цахим ярилцлагын үеэр яригдсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, орон нутгийн орлого 123 хувийн биелэлттэй байгаа гэсэн мэдээллийг дахин сайтар нягтлахыг аймгийн удирдлагуудад анхааруулахын зэрэгцээ Сэлэнгэ аймгийн Мандал сум 90 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж буй энэ чухал үед төсөв хүндэрсэн энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэйг санууллаа.
Мөн тэрээр төсөв хүндэрсэн энэ асуудлаас гарахын тулд Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүдийн зүгээс хийх ёстой бүхий л арга хэмжээг авч, холбогдох яам агентлагт хандаж дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Дээрх асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Сангийн яаманд хандсан бөгөөд асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд яаралтай Улаанбаатар хотод ирж ажиллахаар болсноо дуулгалаа