Импортын буудайг татвараас чөлөөлөхийг дэмжив
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхи гишүүн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын өргөн мэдүүлсэн дээрх төсөлд хүнсний хэрэгцээг хангахтай холбоотойгоор 100 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулж ирэхэд Гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгаад байгаа юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Баярцогт “Атрын III аяны хүрээнд Монгол Улс өнгөрсөн хугацаанд газар тариалангийн салбарт амжилт олж, улаан буудайг экспортлох хэмжээнд хүрсэн байсан ч жилийн дотор импортоор улаан буудай оруулж ирэх болж байгаа нь бодлогын алдаа гаргасантай холбоотой” хэмээн шүүмжилсэн юм.
Үүнтэй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат мөн байр суурь нэг байгаагаа илэрхийлсэн төдийгүй Засгийн газар улаан буудайг бага үнээр худалдаж авсан учраас арга буюу өнгөрсөн хавар тариаланчид тариалалтаа багасгасан. Энэ нь эргээд гурилын хэрэгцээг хангахгүйд хүрч улаан буудай импортлохоос аргагүйд хүрч байна. Нэг тонн улаан буудайг 400 мянган төгрөгөөр худалдаж авах саналыг тариаланчдаас ирүүлж байсан ч Засгийн газар 320 мянган төгрөгөөр үнэлж авсан.
Гэтэл одоо ОХУ-аас буудай импортлох болохоор 400 мянган төгрөгөөс ч үнэтэй авах болж байна. Эргээд энэ нь стратегийн чухал салбараа гаднаас хараат болгох зүйл рүү явуулж байна. Өмнөх Засгийн газрын олсон амжилтыг Шинэчлэлийн Засгийн газар унагалаа гэж буруутгасан юм.
Монгол Улсын гурилын хэрэгцээг хангахад ирэх онд 100 мянган тонн улаан буудай нөөцлөх шаардлагатай аж. Одоо нөөцөлсөн нь 28 мянган тонн гэнэ. Ийм хэмжээний улаан буудайн нөөц бүрдүүлсэн байхад ирэх оны намар шинэ буудай гартал гурилын хэрэгцээгээ хангах бололцоо бүрдэх аж. Энэ оны хувьд 2012 онд нөөцөлсөн буудайгаа хэрэглэсэн юм байна. Харин ирэх онд гадаадаас авахаас аргагүй болсон тул улаан буудайн импортыг 2014 оны зургадугаар сарын 1-н хүртэл Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх шаардлага үүсчээ.