М.Энхболд: МАН гэдэг их айл гэрээ ч, төрөө ч засна
МАН-ын дарга М.Энхболд, Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн С.Батболд, Төвийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, Хяналтын хорооны дарга Л.Цагаанхүү нар өнгөрсөн пүрэв гаригт Төв аймагт ажиллаж гишүүд дэмжигчидтэйгээ уулзлаа.
МАН-ын удирдлагууд намын Их Хурлаар гаргасан бодлого шийдвэрийг иргэддээ танилцуулах, жирийн гишүүдийнхээ дуу хоолойг сонсох гэж Монгол орны дөрвөн зүг найман зовхист хүлгийн жолоо залж буй билээ. Энэхүү уулзалтын салхийг хагалж МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Юун түрүүнд тэрбээр МАН-ын XXVII Их Хурлаас гаргасан томоохон бодлого шийдвэрүүдийг иргэдэд дэлгэрэнгүй танилцуулсан.
Ерөнхийдөө МАН гэдэг их айл улс эх орны жолоог зөв залахын тулд цаашид юу хийвэл зохих тухай яриа болж өнгөрөв. Мэдээж гэрээ засаад төрөө зас гэгчээр намын шинэчлэлийн асуудал хамгийн түрүүнд яригдах нь тодорхой. Тиймээс энэ удаагийн намын Их Хурал шинэчлэлтэй, дотоод ардчилалтай, амжилттай болж өнгөрснийг М.Энхболд ярианыхаа эхэнд дурдлаа.
Тэрбээр цааш нь, Их Хурлын томоохон шийдвэрийн нэг нь улс эх орны язгуур эрх ашгийн төлөө улстөрийн хүчнүүд зөвшилцөлд дуудаж байгаа явдал гэв. Энэ ажлын хүрээнд намын дарга нартай уулзалт зохион байгуулсан. Эрх баригч АН, ИЗНН-ын дарга нараас бусад нь хүрэлцэн ирсэн билээ. Монголын улстөрийн хүчнүүд ямар асуудалд зөвшилцөхөөр болсныг ч энэ үеэр иргэдэд танилцууллаа. Монголыг хөгжилд түүчээлэх хөгжлийн баримт бичигтэй байх хэрэгтэй гэж намууд үзжээ.
Монголыг хөгжилд түүчээлэх хөгжлийн баримт бичигтэй байх хэрэгтэй гэж намууд үзжээ.
Мөн залуусын боловсрол хүмүүжлийн асуудал, гадаад харилцаа тэр дундаа хоёр хөрштэйгээ харилцах харилцаанд түлхүү анхаарах, Үндсэн хуулийг дордуулсан гэх долоон заалтыг эргэн харах, манайд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрт намууд нэгдсэн байр суурьтай байх зэрэг асуудлыг авч хэлэлцэн санамж бичигт гарын үсэг зурснаа хэллээ. Үүний дараа Их Хурлаар намын дарга, генсекийг хэрхэн сонгосон.
Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын хорооны шинэ бүтэц бүрэлдэхүүний онцлог юу байв гэдгийг нэгбүрчлэн тайлбарлав. МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дэд даргын хувьд улс орны эдийн засаг, аж амьдрал ямар дүр төрхтэй байгааг иргэдэд ний нуугүй ярилаа. Танхимд хүрэлцэн ирсэн настнуудын олонхи нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх үү гэх нийтлэг асуулттай байлаа. Ирэх оны төсөвт үүнийг хэрхэн тусгасан, аймаг орон нутаг ямар бүтээн байгуулалт хийх гэж буйгаа ч ярилаа.
Төв аймгийн театрыг 800 хүний суудалтай болгон өргөжүүлэхээр хөрөнгө мөнгийг нь төсөвт тусгаж шийдсэн байна. МАН-аас цалин тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувь нэмэгдүүлэхийг шаардсаны хүчинд төсөвт нэмж 235 тэрбум төгрөг хуваарилсныг хэлэв. Юутай ч эрх баригчид хэзээ нэмэхийг нь хэлээгүй ч 235 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр болсныг дуулгалаа. Үүнийг хангалтгүй гэж сөрөг хүчин үзэж буйг хэлсэн.
Тэрбээр “Ирэх оны улсын төсвийн орлого 6.9 их наяд, зарлага 7.2 их наяд төгрөгөөр тооцсон. Өмнөх жилийнхтэй харьцуулахад орлого буурсан. Хөрөнгө оруулалтын зардалд нэг их наяд төгрөг төлөвлөжээ. 2013 онтой харьцуулбал 400 тэрбумаар багассан. Гэтэл урсгал зардал 5.1 их наяд болж энэ оныхоос 200 сая төгрөгөөр өссөн байна. Валютын ханшийн савлагааг тооцохгүйгээр ирэх онд 1384 төгрөгт барина гэж баталсан.
МАН иргэдийнхээ зовлонг илүү ойлгож мэдэрдэг байсан, хойшид ч энэ хэвээрээ байх болно гэдгийг илэрхийлэхийг хүсчээ.
Бид эсэргүүцсэн ч эрх баригчид зөрүүдэлсээр баталлаа. Өргөн нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байхад энэ онд цалин, тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмээгүй” гэлээ. Ажлын хэсэг иргэдийн санал сэтгэгдлийг сонссон юм. Ахмадууд цалин тэтгэвэр нэмэхийг хамгийн их хүсч буйгаа хэлж байсан. Өдрөөс өдөрт гурил, будааны үнэ өсч байхад бид яаж амьдрах юм. Цалин нэмж өг гэж зандрангуй хэлэх нэгэн ч байв. Түүнчлэн банкнаас тэтгэврийн зээл авахад хүндрэлтэй байгааг ч учирлаж байлаа.
Түүнчлэн төр засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буй ахмадууд цөөнгүй байсан юм. Тэдний нэг намын ахмад гишүүн Г.Далантай “Манай улстөрчид сүүлийн үед бонд гэж ярих боллоо. Би мэдэхгүй юм. Монгол хэлний тайлбар толиос харвал луйврын бичиг гэсэн байх юм. Ард түмэнд ашигтай зүйл биш юм. Бондыг авахад урьдчилсан бэлтгэл хэрэгтэй. Газар нутгаа дэнчин тавьж энэ зээлийг авч байгаа. Одоо Японоос Самурай, удахгүй Хятадаас Сү Шү Жан гэх бонд авчрах нь л дээ. Бидний ач гуч нар өр, зээлд дарагдах нь” хэмээн бухимдангуй хэллээ.
Гишүүдийн олонхи нь сөрөг хүчний үүргээ чамгүй гүйцэтгэж байгааг оюутнуудад үндэсний тэтгэлгийг олгоход хувь нэмрээ оруулсан, улсын өрийн хэмжээг 60 хувьд хүргээгүй зэргээр үнэлж байлаа. Төв аймгаас УИХ-д сонгогдсон С.Батболд гишүүн иргэдийн тулгамдаж буй асуудлыг зохих шатанд нь уламжилж өгөхөө амлаад “Төв аймгаас сонгогдсон хүн намын дарга болсонд баяртай байгаагаа хэлж аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө урьдын адил хамтран зүтгэнэ” гэв. Тэрбээр мөн МАН Засгийн эрхийг барихдаа цалин, тэтгэврийг 10-30 хувь хүртэл нэмэгдүүлж байсан.
Тухайн үед нэмсэн атал иргэд цалингаа нэм гэж шаарддаг байсныг сануулаад одоо нэг төгрөгөөр нэмэхгүй байхад асуудалд тэвчээртэй, хүлцэнгүй хандаж байгааг хэлэв. Үүгээрээ иргэдийг цалин нэмэхийг шаард гэж турхирсан хэрэг биш. МАН иргэдийнхээ зовлонг илүү ойлгож мэдэрдэг байсан, хойшид ч энэ хэвээрээ байх болно гэдгийг илэрхийлэхийг хүсчээ. Иргэдийн санал хүсэлтээ илэрхийлж дууссаны дараа МАН-д шинээр элсэж буй залуус намын бат илэрхийлэл гардаж, намдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ахмадуудын энгэрийг мялаалаа.