МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өөрийгөө хурцлах нь амжилтад хүргэдгийг харуулсан түшээ
2012.03.27
Улстөр

Өөрийгөө хурцлах нь амжилтад хүргэдгийг харуулсан түшээ

"Яг энэ цаг мөчид маш олон хүн, магадгүй бүх хүн өөрийн аль нэг авьяас чадвараа хөгжүүлэхээр хичээллэж байгаа. Мэдээж, бүгдээрээ амжилтын оргилд хүрч чадахгүй. Гэхдээ л хүний чадавхи хэмжээлшгүй агаад, тэдэнд чадахгүй зүйл гэж байхгүй" хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Өөрийгөө хурцлахуй" номдоо бичжээ. Тэрбээр ийм бодлыг тээн амьдралаа өнгө будаг хослуулан, хөг аялгууг нь тааруулан яваа. Д.Ганхуяг Архангай аймгийн Цахир сумын нутагт малчин Даваажавын гурав дахь хүү болон мэндэлсэн. Үүгээрээ ч бахархдаг. Аав Даваажавынх нь малчин ухаан, 10 хүүхдээ тэжээж өсгөхийн төлөө өдөр шөнийг умартан ажилласан нь Д.Ганхуягийн сэтгэлд нь тод үлджээ. Магадгүй энэ нь ч түүнийг "Ихийг сурч, мэд. Амьдралынхаа төлөө, өөрийнхөө төлөө зүтгэ. Амжилтыг мэдэр" гэх үгсийг амьдралд биелэлээ олоход нь нөлөөлсөн биз ээ. Хурга, ишиг хариулж, хөдөөгийн хүүхэд ямар байдаг вэ тэр л замаар өссөн учир хатуужил, тэвчээр бүгдийг тархинд нь суулгасан гэдэг. Тэрбээр 10  жилийн   сурагч байхаасаа онц сурлагатны тоонд багтдаг байж.

Ингээд 198] онд Тариат сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөн шалгалт өгснөөр ОХУ-ын Одесса хотын Цэргийн дээд сургуулийн холбооны инженерийн ангид суралцах хуваарь авчээ. Гэтэл гай газар доороос гэгчээр Д.Ганхуяг цэргийн сургуульд явах залуусыг 45 хоногийн хугацаатай карантилах үеэр барилдаж байгаад гараа гэмтээв. Үүнээс болоод цэргийн сургуульд явах зорилго нь мөрөөдөл хэвээр үлдсэн юм. Гэхдээ тэр сэтгэлээр унаагүй. Харин ч шалгалт өгч Улсын багшийн их сургуулийн физикийн  ангид нь орлоо. Тэр үед япончууд "Говь" комбинатыг барьж өгснөөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхээс өөр аргагүй байжээ. Энэ нь Д.Ганхуягт том боломж олгосон юм. Тэдний сургуулиас математик, физикийн хичээлдээ сайн оюутнуудыг шалгаруулж, Япон руу сургуульд явуулахаар шалгахад Д.Ганхуяг тэнцсэнээр Японд суралцах визээ авчээ. Түүнийг аралын Япон руу явна гэхэд аав, ээж нь дургүйцэж байсан гэдэг. Харин ах, эгч нараараа хэлүүлсээр байгаад аав, ээжийгээ ятгаж чадсан байна. Д.Ганхуяг   1984   оны   дөрөвдүгээр сард Японд сурахаар очихдоо "Энэ бүгчим газар яаж тэснэ дээ" хэмээн боджээ. Удалгүй орчинтойгоо дасан зохицов.

Мөн нэг жил гурван сарын хугацаанд япон хэл сурсны дараа Киото хотын Политехникийн дээд сургуулийн хими-технологийн чиглэлээр суралцсан билээ. Ингээд 1989 онд эх орондоо ирж, "Говь" компанид инженер технологичоор ажилд оров. Хамт ажилладаг нөхдийнхөө хамт компанидаа Ардчилсан холбооны салбарыг байгуулан даргадаа загнуулж байсан хэмээн ярьдаг. Японы Элчин сайдын Яамнаас олон төсөл хэрэгжүүлэхэд өндөр боловсролтой, япон хэлтэй хүн хэрэгтэй байсан учир Д.Ганхуяг давхар ажилладаг байж. Харин дарга нар нь "дахиж орчуулгын ажил хийвэл ажлаас нь хална" гэхэд тэр-бээр хувийн хэвшилд ажиллахаар эргэлт буцалтгүй шийдлээ. Түүнтэй хамт хоёр найз нь ажлаасаа гарч, гурвуулаа нийлэн Япон Монголын харилцаанд гүүр болох үүднээс "Бридж" компанийг байгуулав. Энэ нь өдгөө "Бридж" групп болтлоо өргөжин, олон хүний ирээдүй, ажил, амьдралыг залгуулж буй томоохон байгууллага юм. Д.Ганхуяг гишүүн "Анх компаниа байгуулахдаа хугархай хөлтэй шар ширээ тавин ажлаа эхэлж байлаа" хэмээн дурсан ярьдаг. "Бридж"компаниа байгуулсны дараа ноолуурын бизнес, барилгын салбар, аялал жуулчлалын салбарт ажиллан хүрээгээ улам тэлсэн. Ийн ажлын амт, хөдөлмөрийн үр шимийг мэдрэх хугацаандаа эхнэртэйгээ танилцсан гэдэг.

Түүний гол баримталдаг зарчим бол гэрийн эзэн ноён нуруутай байх аж. Тэрбээр 1992 онд хүүтэй болж, 1999 онд охинтой болжээ. Аав болсон мэдрэмжээ Д.Ганхуяг "Анхны хүүхдээ өлгийдөн авч, аав болсноо мэдрэхэд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн. Энэ мэдрэмжийг аав болсон хүмүүс л мэдэрдэг болов уу. Тухайн үед надад сайн хөдөлмөрлөж, ажиллах ёстой гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирж байлаа" гэсэн юм. Түүнчлэн "Эцэг хүний хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг. Миний аав ийм хүн байсан. Тийм болохоор би ч мөн хүүхдүүдээ аавынхаа зарчмаар хүмүүжүүлдэг. Хүүгээ 10 нас хүртэл нь өглөө унтаж байхад нь гарч, үдэш унтаж байхад нь л орж ирдэг байж билээ" хэмээн хуучиллаа. "Хүний тархи хөгжих тусмаа хязгааргүй уудамд сэтгэнэ" гэж хэлсэн Д.Ганхуяг хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэж, аль болох нээлттэй үзэл бодолтой байлгахыг хүсдэг гэнэ лээ.

 Улстөрч Д.Ганхуяг. Тэрбээр бизнесийн салбараас УИХ-ын гишүүн болж, ард түмний төлөө хийж чадах бүхнээ дайчлахыг хүссэн учир Ардчилсан намд элсчээ. Түүнийг Баянзүрх, Налайхын иргэд 2004, 2008 оны сонгуульд итгэл хүлээлгэн сонгосон. Тэдний итгэлийг ч Д.Ганхуяг алдаагүй гэхэд буруудахгүй болов уу. Ийн ажиллах хугацаандаа хоёр удаа УИХ-ын хичээнгүй, тэргүүний түшээгээр шалгарсан байна. Мөн Хүний хөгжил сангийн тухай хуулийг санаачлахад оролцсон тэрбээр "Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн үзэл санааг ажил хэрэг болгож байгалийн баялгийг хувьцаагаар дамжуулан иргэддээ өмчлөх түүхэн шийдвэрийг гаргаж чадсандаа баяртай байна" хэмээжээ. Ингэж хэлсэн болохоор ч тэр үү, Тавантолгой, Оюутолгой төсөлд анхаарал хандуулж, Засгийн газрын гишүүдийг огцруулахыг шаардаж, хүчтэй шүүмжилж чаддаг төрийн түшээ юм. Улстөрч хүнийхээ хувьд "Хүн алдаж болно. Харин алдсан алдаагаа дахиж давтахгүй бол маш сайн" гэж үздэг. Тойргийнхон ч түүнийг хийсэн ажлаар нь үнэлдэг юм билээ. Нэг жишээ хэлэхэд нийслэлд таван цэцэрлэг барихаар улсын төсөвт тусгаснаас дөрвийг нь Баянзүрх, Налайх дүүрэгт байгуулсан байна. Д.Ганхуягийн УИХ-ын гишүүн болоод санаачилсан, ба-талсан хуулийн төслийг тоочихын аргагүй. Парламентын нөхөд нь Д.Ганхуягийг чадварлаг улстөрч хэмээн үнэлдэг. "Гэрээ засаад төрөө зас" гэдэг шиг Д.Ганхуяг бизнес эрхэлж, гэрээ "засаж" чадсан. Харин төрөө төвхнүүлэх их ажилд ханцуй шамлан ороод найман жилийн нүүр үзэж байна.