Ирэх оны төсөв тойргоос сонгогдсон гишүүдэд хэр хаялгатай болов
УИХ ирэх оны төсвөө хугацаандаа арай ядан багтаж баталсан. Харин аймаг орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлууд нэлээд багассан гэх гомдол хэлэх хүн байгаа.
Үүнээс гадна аймаг орон нутагт төсвийг хуваарилахдаа ялгавартай хандсан гэх гомдлыг УИХ-ын цөөнгүй гишүүн тавьсан. Тухайлбал, Хэнтий аймгийн санал оруулсан ажлуудаас маш олныг хассан гэх гомдлыг Б.Бат-Эрдэнэ хэлж байсан бол Баян-Өлгий аймгаас сонгогдсон А.Тлейхан гишүүн ч бухимдалтай байсан юм. Ингээд бид ирэх онд гишүүнд сонгогдсон тойрогтоо ямар ажил хийхээр төсөвт тусгуулсан талаар сонирхлоо.
Хоёр цэцэрлэг шинээр барихаар төсөвлөлөө
Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбат:
Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбат
-Ер нь улсын төсөв жаахан хүнд байгаа. Энэ байдал ирэх жил ч үргэлжлэх төлөвтэй байна. Үүний дээр Шинэчлэлийн Засгийн газар шинээр ажил, арга хэмжээнүүд явуулах ёстой гэсэн шийдэл гаргасан. Ажлын хэсэг дээр ярьж тохирсноор бол ирэх жил боловсрол, эрүүл мэндийн салбартаа анхаарах ёстой гэж үзсэн. Үүний дагуу Сэлэнгэ аймагт хоёр цэцэрлэг шинээр барихаар төсөвлөлөө.
Мөн сум орон нутгийн иргэддээ ая тухтай ажиллаж амьдрах бололцоог нээж өгөх зорилгоор Сүхбаатар хотыг орон сууцжуулах ажлыг эхлүүлэхээр дэд бүтцийг нь шийдэхэд зориулж таван тэрбум гаруй төгрөг суулгалаа. Энэ ажлыг 2014-2015 он дамжуулан гүйцэтгэх шаардлага байгаа. Үүнээс гадна өнгөрсөн онд хийгдээгүй нэлээд хэдэн ажил царцсан.
Өртөг зардал нь жил жилээр өссөн энэ ажлыг Ерөнхий сайд “Авлигажсан” гэж нэрлээд байгаа. Тиймээс яагаад авлигажсан гэж хэлээд байгаагийн учрыг эхлээд олох хэрэгтэй. Үүний дараа нэгэнт эхэлсэн ажлыг үргэлжлүүлэх л ёстой. Хийхгүй гээд 90 балгастай үлдэж болохгүй, үүнд чинь зураг төслөөс нь эхлээд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулчихсан байгаа учраас үргэлжлүүлэх л ёстой.
Шинээр цэцэрлэг сургууль барих асуудал огт ороогүй
УИХ-д Өвөрхангай аймгийг төлөөлж буй Г.Батхүү:
УИХ-д Өвөрхангай аймгийг төлөөлж буй Г.Батхүү
Төсвийн хөрөнгө оруулалтуудаар олон ажил хийхээр төлөвлөсөн. Өвөрхангай аймагт автозамын ажил хийхэд зориулж тэрбум төгрөг суулаа. Үүнээс гадна аймгийн төвд Спорт цогцолбор барих ажлыг гүйцэтгэнэ. Мөн дуусаагүй зогссон барилгуудын асуудал ч байгаа. Шинээр цэцэрлэг сургууль барих асуудал огт ороогүй.
Дөрвөн цэцэрлэг, гурван сургууль барихаар төсөвлөлөө
Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Ганхуяг:
-Манайх их том тойрог. Энэ утгаараа асуудал ихтэй. Ирэх жил нийтдээ манай дүүрэгт 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулаа. Нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургууль барихаар төсөвлөлөө. Үүнээс гадна нийт 96 км замын ажил хийгдэнэ.
Хотын төвөөс алслагдсан айл өрхүүдийн хүүхдүүдийг хичээлд нь автобусаар хүргэж байхаар болж хөрөнгийг нь суулгасан байгаа. Мөн цас орчихоор цэвэрлэх асуудал хүнд байдаг. Үүнийг шийдэх хөрөнгө суулгасан. Өмнө нь хийгдэж байсан ажлууд ч үргэлжилнэ.