Ж.Эрдэнэбат: Ерөнхий сайд улаан цайм худлаа яриад байхаар бид эсэргүүцлээ илэрхийлэлгүй яах вэ
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.10.22
Улстөр

Ж.Эрдэнэбат: Ерөнхий сайд улаан цайм худлаа яриад байхаар бид эсэргүүцлээ илэрхийлэлгүй яах вэ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гарагийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар танилцуулга хийсэн. Тэгэхдээ авлигажсан төсөв гэх утгатай үгийг хэлсэнд танай намынхан нэлээн бухимдаж байх шиг байсан. Таны хувьд үүнийг юу гэж бодож байна вэ?

-Тэр үгийг яг хэлсэн хүнээс нь асуух нь зөв болов уу. Манай намынхан ч гэсэн үүнийг гайхаад л байна. Авлигажсан төсөв гэж юуг хэлээд байгаа юм, сайн мэдэхгүй л байна. Би өмнө нь аймгийн Засаг даргын албыг дөрвөн жил хашсан. Түүнээс өмнө санхүүгийн салбарт ажиллаж байлаа. Нэг жилийн хугацаанд ингэж их өндөр өртөг, зардал нэмэгдэж байсан хөрөнгө оруулалтыг санахгүй байна.

Үүнийгээ л авлигажсан гэж хэлээд байгаа юм болов уу гэж харж байна. 2013 оны төсөв өргөн барихад манай нам бүлэггүй байсан. Мөн адил батлахад нь ч бүлэггүй байсан. Одоо ирэх оны төсвийг ч өөрсдөө өргөн барилаа. Өргөн барихдаа зарим нэг объектын тухайд маш өндөр өртөгтэйгөөр оруулж ирж байна. Би бас гайхаад л байна.

Яагаад ингэж их өсөөд байгаа юм бэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө өргөн барьсан төсвийг яагаад ингэж нэрлээд байгаа юм. Түүнийгээ яагаад засахгүй байгаа юм. Улстөрийн ямар өнцгөөс хараад ингэж нэрлээд байгаа юм бол. Би 2011 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 350 орчим сая төгрөгөөр 75 суудалтай хүүхдийн цэцэрлэг барьдаг байсан.

Гэхдээ байршил гэх мэт холбогдох хүчин зүйлсээсээ хамаараад энэ өртөг гарч байгаа юм. Одоо бол энэ хэмжээний хүүхдийн цэцэрлэгийг 700-800 сая төгрөгөөр барьж байна. Тэгсэн мөртлөө юмны үнэ өсөөгүй гээд байдаг. Гэсэн хэдий ч бодит байдал дээр барих гэж байгаа төслийн төсөвт өртөг нь ийм өндөр гараад байна. Магадгүй өөрсдийнхөө авах гэж байгаа авлигыг үүнд шингээж оруулж ирж байхыг үгүйсгэхгүй.

Үнэхээр бодит байдал дээр хоёрхон жилийн өмнө хийгдэж байсан яг адилхан ажил одоо бараг хоёр дахин өсчихсөн, түүнийг нь Ерөнхий сайд олж харчихаад ингэж нэрлээд байгаа бол өөрөө залруулах ёстой. Өнөөдөр /өчигдөр/ бид бүлгийн хурал дээр энэ талаар ярилцлаа. Үүнийг холбогдох хууль хяналтын байгууллагууд нь шалгах байлгүй дээ.

-Бүтээн байгуулалтын ажил гэдэг зайлшгүй чухал зүйл. Гэхдээ зарим барилга, байшингийн ажил олон жил дамнаж, тэр бүртээ төсөвт өртөг нь өсөх болж. Үүний шалтгаан нь юу вэ?

-Манай улсын хувьд томоохон объектыг нэгжилийн хугацаанд барих боломжгүй. Цаг уурын нөхцөл байдлаас хамаараад барилгын ажил эрхлэх хугацаа маш богино. Үүнээс болоод томоохон барилгын ажил он дамжихаас өөр аргагүйд хүрдэг. Үүнийг үгүйсгэх арга байхгүй. Он дамжихдаа төсөвт өртөг нь хэтэрхий өсч байгаа нь хачирхалтай.

Үүнийг тодруулах хэрэгтэй. МХЕГ, аудитын газар, хууль хяналтынхан зэрэг байгууллагууд шалгаад хэн нь буруутай вэ гэдгийг нь тогтоох ёстой. Ингэхгүй бол цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болох байх. Би сая 75 суудалтай хүүхдийн цэцэрлэгийн жишээ хэлсэн. Тэгвэл зам бүр замбараагүй болчихсон байна.

Өмнө нь 260-300 орчим сая төгрөгөөр нэг км зам тавьдаг байсан. Гэтэл одоо тэрбум болтлоо өсчихсөн байна. Ерөнхий сайд «Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй. Бид инфляцийг барьчихлаа. Монголбанк сайн бодлого хэрэгжүүллээ. Бид ч маш сайн ажилласны хүчинд ард түмний нуруун дээр ачаалал очсонгүй» гээд байдаг.

Үнэ өсөөгүй хэвэндээ байгаа бол км замыг 300 саяар, 75 суудалтай хүүхдийн цэцэрлэг 350 саяар барьчих л даа.

Хэрвээ үнэ өсөөгүй гэж байгаа юм бол яагаад энэ нь төсөвт өртөг дээрээ гарч ирэхгүй байгаа юм бэ. Үнэхээр л өсөөгүй хэвэндээ байгаа юм бол км замыг 300 саяар, 75 суудалтай хүүхдийн цэцэрлэг 350 саяар барьчих л даа.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг МАН-ын гишүүд авлигачид, тэдний тарьсан ажлыг бид хийх гээд авлигажсан төсөв болгочихлоо гэж мушгиад байх жишээтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нэгнийгээ ингэх нь зохимжгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үү, хэвэндээ байгаа юу гэдэг нь хэний ч нүдэнд илт байгаа шүү дээ.

-Баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр МАН-ын гишүүд урдаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харуулсан лоозонтой суусан. Үүнийг эсэргүүцэл гэж ойлгох уу?

-Тухайн үед Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ манай шинэчлэлийн Засгийн газар, үнэ бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж чадлаа. Бараг бууруулж чадлаа гэх нь холгүй байсан. Харин МАН-ын гишүүд бодит нөхцөл байдлыг өөрсдийнх нь гаргасан судалгаа тооцоонд үндэслэж танилцуулсан.

Өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багаар бодоход 15 хувиар өссөн гээд Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэл байхад Ерөнхий сайд нь УИХ-ын индэр дээр гарчихаад улаан цайм худлаа яриад байхаар бид эсэргүүцлээ илэрхийлэлгүй яах вэ дээ.

Хүн болгон хэн худлаа яриад байгааг мэдэж байгаа. Намайг худлаа яриад байна гэж бодож байвал сая гаргасан статистикийн мэдээллийг үзээрэй л гэж хэлмээр байна. Тэгэхээр хэн нь худлаа яриад байгаа нь мэдэгдэнэ шүү дээ.

-МАН-ын XXVII их хурал удахгүй болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор намын даргын асуудал яригдаж байна. Таны хувьд шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн. Тиймээс энэ талаар асуухгүй байж болохгүй нь. Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн ер нь намын даргын асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэчлэлийн хөдөлгөөнийхний хувьд намын даргыг 2016 оны сонгуульд МАН-ыг ялалтад хөтлөөд аваад явчих бололцоотой, ажлын туршлагатай, тийм л хүн хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Түүнээс биш яг тэр, энэ гэсэн зүйл алга. Цаашдаа ч хэн нэгнийг цохож заахгүй.

-Туршлагатай гэхээр эргээд л ахмадууд гараад ирэх юм биш үү?

-Ахмадуудыг үгүйсгэж болохгүй. Ахмадууд ч мөн ялгаагүй энэ ажлыг хийх чадвартай хүмүүс. Залуу, шинэ хүн гарч ирснээрээ өөрчлөлт, шинэчлэлт хийнэ гэсэн ойлголт байхгүй. Ямар ч туршлага чадваргүй шинэ хүн гарч ирээд МАН хүссэн ирээдүйдээ хүрч чадахгүй. Залуу хүн гэхээр л эрч хүчтэй дайчин байдаг гэвэл өрөөсгөл.

Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн  намын даргыг 2016 оны сонгуульд МАН-ыг ялалтад хөтлөөд аваад явах бололцоотой, ажлын туршлагатай хүн хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

Хүнийг залуу хөгшин гэдгээр нь ангилж болохгүй. МАН өөрөө 90 жилийн түүхтэй, Монгол Улсын төрийг 90 жил жолоодож ирсэн улстөрийн ууган хүчин. Ийм намын хувьд маш тулхтай шийд гаргах ёстой. Тиймээс энэ асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдэж хэрхэвч болохгүй. Хэрвээ алдсан тохиолдолд бид маш том алдана. Жижиг намуудад бол тийм зүйл байхгүй. Ер нь зарим нэг залуус МАН-ыг ахмадын нам гэж яриад байдаг.

Нам нь өөрөө олон жилийн түүхтэй ахмад нам байж болох ч гишүүнчлэлийн хувьд тийм биш. Тухайлбал УИХ-д байгаа гишүүдээс залуучууд нь аль намынх байна гэвэл ихэнх нь МАН-ынх шүү дээ. Надтай нас чацуу зургаан УИХ-ын гишүүн байгаа. Үүний дөрөв нь МАН, нөгөө хоёр нь АН-ын гишүүн. Энэ юуг хэлж байна вэ гэхээр МАН ахмад нам биш гэдгийг батална.

МАН угаасаа гишүүдийн хувьд ахмад, дунд, залуу гэсэн үе шатыг барьж явдаг. Яах вэ, хамгийн хөгшин нь МАН-д байж болно. Тэгвэл хамгийн залуу нь МАН-д байж л байна. Улс төрийн ажлын ямар нэгэн туршлагагүй шинэ хүн гарч ирснээр эргээд их хохирол учирч магадгүй. Ялангуяа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа энэ тохиолдолд маш их туршлагатай, олонд танигдсан тийм хүнийг намын дарга болгох ёстой.

ШИНЭ МЭДЭЭ