МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Сүхбаатар: Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2013.07.16
Улстөр

Ж.Сүхбаатар: Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл

МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хурлаас Сүхбаатарын талбайг Чингисийн хааны нэрээр нэрлэх тогтоол гарлаа. Үүнийг Та хэрхэн үзэж байна вэ?

-Би дөнгөж түрүүхэн /өчигдөр шийдвэр гарсны дараахан/ жиргээчдээс энэ тухай мэдээллийг аваад нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч н.Төмөрбаатартай холбогдлоо. Тэргүүлэгчдийн хурал арван хүний бүрэлдэхүүнтэй хуралдаад олонхийн саналаар дээрх шийдвэрийг гаргаж.

Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.12-т заасан “Хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрх”-д заасныг үндэслэн дээрх тогтоолыг гаргасан байна. Аливаа шийдвэр, хурлын тогтоолын төслийн оруулж ирэхэд журам ёсоор үндэслэл,тооцоо судалгаа,баримтыг хавсаргах ёстой.

Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар Сүхбаатарын талбайн нэршлийг өөрчлөх асуудлыг Засгийн газрын 11-11 төвд ирсэн иргэдийн саналыг дагуу авч хэлэлцсэн гэсэн байна лээ. Хэдхэн цагийн дотор Комисс хуралдуулаад түүнээ үндэслээд Үүл захирагч нийслэлийн ИТХ-д албан бичиг явуулаад тэр даруйд нь нийслэлийн ИТХ-н тэргүүлэгчид хуралдаад шийдвэр гаргаж. Хуульч хүний үүднээс харахад энэ үйл явц нь хууль зөрчсөн үйлдэл.

-Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс уг асуудлыг оруулж ирэхдээ Засгийн газрын 11-11 төвд ирсэн иргэдийн саналын дагуу асуудлыг хэлэлцсэн гэж байсан. Энэ хууль зүйн талаасаа хэр үндэслэлтэй тайлбар вэ?

-Нийслэлийн удирдлагын асуудал бол Засаг захиргаа түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн эрхзүйн байдлын хуулиар зохицуулагдана. Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуульд гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах бүрэн эрх Хурлын тэргүүлэгчид байдаг.

Түүнчлэн Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд “Нийслэлийн хэмжээнд нэрэмжит болгох, байгууллагад нэр өгөх тухай асуудлыг өөрийн санаачилгаар болон иргэд, байгууллагын санаачилгыг үндэслэн” шийдэх ёстой. Гэвч ийм бүрэн эрх байгаа боловч иргэдийн саналыг үндэслэхдээ утас, цахим хуудас гэх мэтийг үндэслээд гээд иргэдийн санал ийм байна гээд түүхийрсэн түрэмгий шийдвэр гаргах ёсгүй.

Хэрвээ энэ талаар шийдвэр гаргах гэж байгаа бол олон нийтийн хэлэлцүүлэг явуулах ёстой байсан. Олон хүний үзэл бодол,эрх ашгийг хөндсөн, Монголын үүх түүхтэй холбоотой асуудал учраас тэр. Гэтэл найр наадам, хүмүүсийн амралтын үеийг тааруулан бусдын эрх ашгийг хөндсөн шийдвэрийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гээд шийдвэр гаргаж байгаа нь ардчилсан ёсонд харшилсан зүйл. Хоёрдугаарт, шууд хууль зөрчиж байна.

-Ямар ямар хуулийн аль заалтыг зөрчиж байгаа вэ?

-“Сүхбаатарын талбай” гэдэг энэ нэр тодорхой хуульд зохицуулалт болоод хуульчлагдсан байдаг. Тухайлбал, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.6-д “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэг” гээд тодорхой нэрээрээ зохицуулалт болоод орчихсон.

Мөн энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 3.8-д “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд...” гэж заасан байгаа. Жагсаал цуглаан хийх журмын хуулиас харахад “Сүхбаатарын талбай” гэх нэр нь хуульчлагдсан байгаа болно. Аймаг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуульд тусгайлан зааснаас бусад асуудлаар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргадаг.

Тэгэхээр үүнийг зөрчиж шийдвэр гаргасан. Мөн энэ асуудлыг улс төрийн тодорхой зорилго, үзэл суртлын үүднээс шийдэх гэж яарлаа. Цаг хугацаа, үүх түүх талаас нь аваад үзэхэд энэ бол хуульд нийцэхгүй, ардчилсан ёсонд харшилсан зүйл. Дарангуйлагч дэглэмтэй улсад юмуу хувьсгал гараад хувьсгалын хийрхэл намжаагүй байхад иймэрхүү ажиллагаанууд явагддаг юм билээ.

-Тэгэхээр нэгэнт хууль зөрчиж байгаа учраас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгож болох уу?

-Тогтоол албан ёсоор хэлбэржиж гараагүй байна. Тогтоол албажингуут манай нийслэлийн намын бүлгийнхэн анхааралдаа авч, бид холбогдох газарт хууль зүйн хамгаалалт хүсч хандана. Юун түрүүн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хууль бус шийдвэрээ өөрөө буюу нийслэлийн ИТХ хүчингүй болгох  хэрэгтэй.

Эсвэл шүүхийн журмаар энэ буруу шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол нэхэмжлэл гаргах болно. Энэ бол нийслэлийн бус улсын хэмжээнд авч үзэх асуудал. Нэг намын сонирхолд хамаарах асуудал биш гэдгийг тэмдэглэн хэлье. Жиргээ, фэйсбүүкээр маш олон иргэд дургүйцлээ илэрхийлж, эсэргүүцэж байна шүү дээ.

-Наадмаас өмнө Ардын хувьсгалын 92 жилийн ой гэдэг үгийг зарим урилга, сурталчилгаа зэргээс хассан байсан. Ардын хувьсгалын ойг тэмдэглэх тухай асуудал ч бас тодорхой хуулиар зохицуулагддаг шүү дээ?  

-Тэгэлгүй яахав. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 11,12,13-нд нийтээр баярын өдөр болгон тэмдэглэнэ” гэсэн байгаа. Нэрээр нь заачихсан байгаа биз.

Хоёрдугаарт, энэ хуулиас гадна Үндэсний их баяр наадмын тухай хуульд: “Их Монгол байгуулагдсаны тэгш ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн Ардын хувьсгалын ой болон нийслэлийн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гээд шууд заан зохицуулчихсан.

Ер нь ардчилсан ёс, хууль дээдлэх зарчим гэсэн төрийн үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчин улс төрийнхөө явцуу сонирхол, эрх ашигт нийцүүлж асуудлыг хүчээр шийдэж байна. Хууль зөрчөөгүй юм шигээр хууль зөрчиж байгаа үйлдэл явдлууд удаа дараа гарч өнөө цагийн жишиг болж байна.

Сүх жанжны хөшөө байгаа талбай Сүхбаатарын талбай л нэртэй байж таарна.

Тэгээд “хууль зөрчсөн” гэхээр энэ бол санамсаргүй алдаа байсан, эсвэл “хууль зөрчөөгүй гэж үзлээ” гэх мэт муйхар хөгийн тайлбар өгч, мэдэн будилдаг, будилуулдаг аргаар энэ эрх баригчид ажиллаад гаршлаа. Үнэндээ Монголд цөөн бүлэг хүмүүсийн дураараа авирладаг засаглал бий болж байна.

Өнөөдөр Жанжин Сүхбаатар гэж хэн билээ. Яах аргагүй 1921 онд Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах их үйлсийг манлайлагч бүх цэргийн жанжин байсан үндэсний баатар эх оронч хүн. Бас өмнө нь Богдын цэргийн баатар цолтой явсан, хоёр төрийн жанжин шүү дээ. Мэдээж бид Чингис хаанаа үгүйсгэх гэвэл алдас болно.

Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч, Монгол түмнийг нэгтгэгч-эцэг, тэнгэрлэг эзэн Чингис хаандаа илүү хүндэтгэлтэйгээр тусгайлан сүрлэг, сайхан талбай бүхий нийтийн ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг өөр газар байгуулах нь зөв. Шинэ цагийн Монголыг бүтээгчдийн нэг, төр улсын гарамгай зүтгэлтэн, цэргийн их жанжин бол Д.Сүхбаатар. Хооронд нь сөргүүлж тавих асуудал биш.

Сүх жанжны хөшөө байгаа талбай Сүхбаатарын талбай л нэртэй байж таарна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.1-д “”Улсын баяр наадмын өмнөх өдөр Д.Сүхбаатарын хөшөөнд  цэцэг өргөж” хүндэтгэл үзүүлэхээр хуульчлагдсан болно. Хэрэв нэр өөрчлөх бол хуулиа, хөшөөтэй нь хамт хэлэлцэж ярилцах ёстой болно.

Гэхдээ үүх түүхээ бүдүүлгээр хянан засварлах улс төрийн ийм увайгүй алхам оролдлогыг эсэргүүцэх эрүүл саруул ухаан хүч иргэдийн маань олонхид бий гэж бодож байна. “Коммунистуудтай тэмцэл хийж дуусахад хамгийн чухал зүйл бол нам татан буулгах, хөшөө дурсгалуудыг нураах, нэрийг нь солих” гэж ярьдаг байсан хүн өнөөдөр Нийслэлийн удирдлагад байна.

Одоо цагт коммунист чинь хаана байгаа юм, байсан ч юмуу, үгүй ч юмуу, гэтэл аль амбасан үеийн сэтгэлдээ тээсэн бодлоо бодлого болгоод явж байна. Энэ бол дур зорго. Өөрсдийн шийдвэрээ хууль гэж үзээд давраад үргэлжлүүлээд л байвал цаашид хуульгүй, дүрэмгүй улс төрийн тэмцэлд татагдан орох аюул нүүрлэнэ.

-МАН-ын Бага хурлаа энэ сарын 20-нд хуралдуулахаар тов гаргасан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Бэлтгэл ажил хангагдаж байна уу?

-Энэ сарын 20-нд хуралдана гэж тов гараагүй учраас хуралдахгүй, харин МАН-ын Бага хурлыг зарлан хуралдах асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцээд энэ сардаа багтааж хуралдуулах чиглэл гаргасан. Гэхдээ яг тодорхой товыг МАН-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэдэг  байдлаар хандсан.

Цаг хугацаа, үүх түүх талаас нь аваад үзэхэд энэ бол хуульд нийцэхгүй, ардчилсан ёсонд харшилсан зүйл.

Өөрөөр хэлбэл тодорхой тов гараагүй гэсэн үг. Намын төв аппаратын хувьд цөөнгүй нь амарсан байгаа ч ажлаа хэвийн явуулж байна. Бид намын байгууллагууддаа “Энэ сарын сүүлээр намын Бага хурлыг хуралдуулвал ирцийн байдал ямар байх талаар хариу мэдэгдэх үүрэг өгсөн.” Энэ сард хүмүүсийн амралтын үе таарсан байгаагийн сацуу хэд хэдэн аймаг, олон сумдад түүхт ойгоо тэмдэглэх арга хэмжээнүүд давхцаж байгаа учраас магадлах шаардлага гарч байна.

Манай намын дүрэмд зааснаар намын Бага хурлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцдог юм. Зарим намын байгууллагуудаас саналыг авч байгаа. Намын Бага хурлаар Их хурлыг зарлан хуралдуулах, Их хурлын төлөөлөгчийн тоо, сонгох журмыг баталдаг тул энэ асуудлыг өргөн түмний анхаарал дунд гишүүдийн идэвхтэй оролцоотойгоор нухацтай авч үзэх ёстой.

Сонгуулийн дүнгийн талаар ч ярих байх. Яг одоо танд хэлж чадах зүйл бол энэ сарын сүүлчээр намын Бага хурлыг хуралдуулахаар бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байгаа. Намын дарга буюу эсвэл Намын Удирдах зөвлөл дүрмийн дагуу Бага хурлыг яг хэзээ хуралдахыг шийдэх эрхтэй байдаг. Энэ Бага хуралд бэлтгэх асуудал бас өөрөө нэлээн боловсруулалт шаардаж байгаа.

-Намын бага хурлыг МАН-ын “Шинэчлье” хөдөлгөөнийнхөн яаралтай хуралдуулж, намын шинэчлэлийг эхлүүлэх талаар эрчимтэй ярьж байна. Энэ асуудал дээр намаас ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-“Шинэчилье” хөдөлгөөнийхөн наадмын өмнө Бага хурлаа хуралдуулах саналыг тавьсан. Бага хурлын ирц, бэлтгэл ажил богино хугацаанд хангагдах боломжгүй гэж  Удирдах зөвлөл үзсэн л дээ. Яагаад гэвэл Бага хурлаар намын Их хуралтай холбогдох асуудал болоод намын шинэчлэлийн асуудал яригдах учраас бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. 

Намын шинэчлэлийн асуудал дээр нэлээд ултай суурьтай хандаж байгаа. Дөнгөж сая таныг орж ирэхээс өмнө намын маань хоёр ахмад гишүүн намын шинэчлэлийн талаар санал бодлоо илэрхийлээд гарлаа. Намын Их хурлыг ирэх намар хуралдуулах нь зүйтэй, гэхдээ шуураад явчих байдлаар хандахгүй байхыг сануулж байна.

“Шинэчилье” хөдөлгөөний тэргүүн болоод түүнд багтсан олон залуусыг би хувьдаа манай намын ирээдүй гэж харж, зарим асуудлуудыг нь дэмжиж байгаа, хамтдаа чадна, хамтдаа урагшлах хувь тавилан бидэнд ноогдсон гэж боддог.

Ахмадаасаа суралцаж, бие биеэ түшиж, олон түмэндээ найдаж харилцан хүндэтгэлээр гагнагдаж байж бид нэг цул хүчин, агуу түүхтэй хамт олон гэдгээ улам сайн мэдэрнэ, тэгж гэмээ нь улс орныхоо тэргүүлэгч улс төрийн хүчний үүргээ дүүрэн биелүүлж чадна.

Бид дотроо зөрчилдөж биш, зөвлөлдөж намынхаа хүчин чадлыг бэхжүүлэх нь цаг үеийн шаардлага болчихлоо.

МАН-ын шинэчлэл УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээснээс хойш эхэлсэн. Манай намд байгаа алдаа, дутагдал гээд бүх зүйл олны нүдний өмнө ил байна. “Мөнгө, албан тушаал хуваарилах эрх мэдэлгүй болсон тэр үед л тухайн улс төрийн эрх баригч байсан намын шинэчлэл өөрөө явагдаад эхэлдэг” гэх үг байдаг.

Учир нь, ялагдсан нам амжилтын төлөө эрэл хайгуул, алдаа оноогоо засах гарц шийдэл рүү хүссэн ч, хүсээгүй ч явж байдаг. Гол нь цаг хугацаа, удирдлагын манлайлал зэргээс хамаарч хэр хурдан амжилтад хүрэх нь шалтгаалдаг. Манай намын хувьд өнгөрсөн жил сөрөг хүчин болсон. Тэр үеэс зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд тодорхой сорилт бэрхшээлүүд дунд МАН явж, өөрийгөө толинд харж байна.

Арга барилд ч өөрчлөлт орж байгаа. Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд бид нэр дэвшигчээ тодруулахдаа олон түмний хэлэлцүүлэг, намын анхан шатны байгууллагын санал дээр тулгуурласнаар шинэлэг арга хэрэглүүрийг нэвтрүүлж эхэлсэн. Намын 27 дугаар Их хурлын өмнө өргөн хүрээнд хэлэлцүүлэг явна.

Намын дарга Ө.Энхтүвшингийн өнгөрсөн хавар “Бид юуг шинэчлэх ёстой вэ” гэсэн нийтэд хандсан ил захидлын үзэл санаа намд оршиж байгаа нэлээд асуудлыг хурцаар хөндөж тавьсан. Иргэд, намын гишүүдээс ч нэлээн санал бодлоо илэрхийлж эхэлсэн ч Ерөнхийлөгчийн сонгуультай таараад сүрхий хэлэлцэж чадаагүй тал бий.

Сүүлийн үед намын маань томоохон зүтгэлтнүүдийн зүгээс “МАН-ын шинэчлэл ярих нь өөрийнх нь зөв стратеги мөн боловч одоогийн байгаа хүчин чадлаа хэрхэн сулруулахгүйгээр бэхжүүлж үлдэх вэ гэдэг илүү тулгамдаад байна” гэсэн байр суурийг би хувьдаа хуваалцаж байгаа.

Шинэчлэл гэдэг бол угаасаа хөрөнгө мөнгө, итгэл үнэмшил, эрхэм зорилгоороо нэгдэж нэгэн хүчээр хамтаараа зүтгэн хийх ажил. Шинэ санаа, санаачилга дэвшүүлэн тавих, түүнээ тойрч ярих гээд хугацаа орно. Бид дотроо зөрчилдөж биш, зөвлөлдөж намынхаа хүчин чадлыг бэхжүүлэх нь цаг үеийн шаардлага болчихлоо.

-Намын нарийн бичгийн дарга бус намын жирийн гишүүний зүгээс та шинэчлэлийг ямар байдлаар хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Хувь гишүүний хувьд, МАН-д бүтцийн өөрчлөлт хэрэгтэй гэж үздэг. Энэ нь том шинэчлэлийн угтвар нөхцөл болно.

-Бүтцийн өөрчлөлтийн хэрхэн хийх хэрэгтэй вэ. Хэдэн хүнийг ажлаас халснаар намд шинэчлэгдэхгүй байх л даа?

-“Бүтцийн өөрчлөлт” гэдэг нь товчхондоо намын нийт байгууллагууд болон төв аппаратын хүрээнд чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгон хуваарилах, бүтэц зохион байгуулалтаа хянаж, удирдлагын шатлал, орон тоогоо багасгах, намын гишүүдийн анхдагч эрх мэдэл, оролцоог нэмэгдүүлэх, санхүүжилтийн зарчмаа тодорхой болгох гээд одоо байгаагаасаа илүү үр ашигтай, оновчтой болгох хөтөлбөржсөн тодорхой аргачлалаар ажиллана гэсэн үг.

Тодруулбал, хүнд сурталжсан одоогийн бүтцийг өөрчлөх,  намын зохион байгуулалтыг сөрөг хүчний дайчин, шуурхай ажиллагааны түвшинд шилжүүлэх шаардлага байна. Ингээд үзэхээр намын дүрэмд энэ чиглэлийн засваруудыг хийж, намд юун түрүүн бүтцийн өөрчлөлт хийх шаардлага байна.

Үүний дараа бид хүний нөөцийн шинэчлэл болоод санхүү, үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлэх шат дараалсан асуудлууд руу тооцоо төлөвлөгөөтэйгээр орох ёстой. Шинэчлэл хийхэд зарим эсэргүүцэлтэй тулгарна. Гэхдээ үүнийг тооцож, зөвлөлдөх, ойлголцох замаар урагшлах тактикаар ажиллаж таарна. Өөдрөг байхад өөдөө явна даа. /инээв/

ШИНЭ МЭДЭЭ