УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Сэддорж дараах байр суурийг илэрхийллээ.
Энэ хуулийн өөрчлөлтийг яагаад дэмжиж байгаа вэ гэхээр энэ тендерийн тухай, худалдан авалтын тухай хуулиар станцыг барьж болохгүй байгаа юм билээ. Тэгээд түлхүүр гардуулахаар барих ёстой станц бол их онцлогтой. Зам, барилгыг зургийн дагуу барьдаг. Станц барихдаа ийм орны, тийм тоног төхөөрөмжийг энд авна гэж, хийж хэлж, зааж болдоггүй. Хэрвээ заах юм бол өөрөө хууль зөрчих учраас энэ хуулийг оруулж ирж байгаа гэж ойлгож дэмжиж байгаа. Тавантолгойн станцыг барих гэж олон жил Засгийн газар ярьсан. Одоо Тавантолгойн бүлэг орд дээр юу л байна, эрчим хүчний нүүрс бий. Тэнд хамгийн хямдхан эрчим хүч бий болгох боломж байна. Энэ хуулийн өөрчлөлтөөр боломж нь бүрдэнэ гэж найдаж дэмжиж байгаа. Дээрээс нь УИХ-ын хардлага байгаа. Маш олон яригдаагүй, янз бүрийн эрх ашгийн хөндсөн төслүүдийг явуулчих вий гэж айж байгаа.
Б.Чойжилсүрэн сайд ажлын хэсэг гаргаад, ажлын хэсэг дээрээ төслүүдийг жагсаагаад нэрийг нь хүчин чадалтай, байршилтай нь жагсаагаад, төслүүдийг энэ хуулийн хүрээнд хийнэ гэсэн жагсаалт гаргана гэж олон удаа хэлсэн. Үүнийг Их хурлын гишүүд бүгдээрээ ойлголоо. Монгол Улс бол эрчим хүчний асар их нүүрстэй гэтэл станцаа барьж чаддаггүй. Станц барих бүрэн бололцоотой. Тийм учраас нүүрсний уурхайнууд, нар салхины эрчим хүчнүүд олон байна. Эрчим хүчээр бүрэн хангагдсан улс орон болоход хичээл чармайлт шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэхэд энэ хуулийн өөрчлөлт орж ирж байна гэж ойлгож дэмжиж байгаа. Дээрээс нь говийн бүсийн болон 10 аймгийн станцын санхүүжилт нь гацчихсан. Энэ асуудал хамт шийдэгдээд явна гэж гишүүд ойлгож байгаа.