"Улаанбаатар метро" төслийн гүйцэтгэгчээр ажиллах хүсэлтээ 7 орны 27 ААН ирүүлээд байна
2025.04.29
Эдийн засаг, Худалдаа

"Улаанбаатар метро" төслийн гүйцэтгэгчээр ажиллах хүсэлтээ 7 орны 27 ААН ирүүлээд байна

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь “Улаанбаатар метро” төсөл.

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнгөрсөн оны 10 дугаар сард зарласан. Тэгвэл I шатны тендерийг энэ сарын 28-ны өдөр нээлээ.

Уг тендерт 7 улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна. Тодруулбал, Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниуд материалаа ирүүлжээ. Хуулийн дагуу дараагийн шатны тендерийг ирэх тавдугаар сарын 5-нд зарлана.

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро нь Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх юм. Улаанбаатар метроны шугамын урт нь 19,4км байх бөгөөд нийт 15 ширхэг өртөөнөөс бүрдэнэ.

Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байна. Мөн Зогсоол хоорондын зай 1.3 км. 

Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх нийт аяллын хугацаа 31 минут 25 секунд байхаас гадна уг төсөл амжилттай хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 40,4 хувиар нэмэгдэх боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ