МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Тэмүүжин: Үндэсний баялгийн санд улс төрөөс хараат бус, мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежмент дутагдаж байна
2025.04.25
Эдийн засаг, Худалдаа

Х.Тэмүүжин: Үндэсний баялгийн санд улс төрөөс хараат бус, мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежмент дутагдаж байна

УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар сонслоо.

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд ирүүлсэн Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй танилцаад Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс дараах дүгнэлтийг өгч байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

1. ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ САЙЖРУУЛЖ ТОГТОЛЦОО, ЗАСАГЛАЛЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2024 оны 4 дүгээр сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан төслөөр Улсын Их Хурал баталсан. Уг хуулийн дагуу Үндэсний баялгийн сан байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь ололттой. Гэсэн хэдий ч төрөлжсөн сангуудын чиг үүргийн давхцал, орлогын эх үүсвэрийн оновчгүй хуваарилалт, улс төрөөс хараат бус мэргэжлийн удирдлага, засаглалын зарчмуудыг олон улсын сайн туршлагаас өөрөөр, эрх баригчдын сонирхолд нийцүүлэн баталсан. Үүнээс үүдэлтэй сөрөг талууд нь өнгөрсөн ганцхан жилийн дотор илт мэдрэгдэж эхэлжээ.

2. ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС, МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ ДУТАГДАЖ БАЙНА

Олон Улсын баялгийн сангуудын алтан стандарт болох “Сантьягогийн зарчим”-д зааснаар баялгийн сан амжилттай ажиллах гол шалгуур нь улс төрөөс ангид байдал, мэргэжлийн хөрөнгийн удирдлага, хараат бус бүтэц юм. Эдгээр нь Монгол Улсын Үндэсний Баялгийн Санд хангагдаагүй байгаагаас байгалийн баялгийн орлого төсвийн орлуулга, улс төрийн сэдэлтэй популист амлалтуудад зориулагдаж бодит үр өгөөжгүй болдог өмнөх алдаа дахин давтагдах эрсдэлтэй байна.

3. ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ОРЛОГЫГ ҮГҮЙ ХИЙХ БОДЛОГЫГ ЗАСГИЙН ГАЗАР САНАЛ БОЛГОЖЭЭ

Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 10.3 дугаар зүйлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал шийдвэрлэж болно.” хэмээн тусгасан байна. Хэрэв энэ хууль батлагдвал төрийн өмчит уул уурхайн компаниуд их хэмжээний бартерын гэрээ байгуулж бүтээгдэхүүнээ зам, гүүр, сургууль, цэцэрлэг гэх мэт бүтээн байгуулалтуудаар солих болно.

Ингэвэл тэдгээрийн мөнгөн орлого илт багасч ашигттай ажиллах боломжгүй болно. Улмаар Үндэсний Баялгийн Сангийн Ирээдүйн өв, Хуримтлалын сангуудад төвлөрүүлэх ёстой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг үгүй болох бодит эрсдэл харагдаж байна.

НЭГТГЭН ДҮГНЭВЭЛ: Монгол Улсын Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал нь:

• Улс төрөөс хараат бус байдал хангагдаагүй

  • Мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежмент бүрдээгүй
  • Ил тод, олон нийтийг бодит мэдээллээр хангах байдал хангалтгүй
  • Богино хугацааны төсвийн шинжтэй хөтөлбөрт ашиглагддаг
  • Төр засгаас баялгийн сангийн урт хугацааны, тогтвортой хөгжлийн эсрэг шийдвэрүүдийг гаргасан байдалтай байна.

Цаашид улс төрөөс хараат бус, олон улсын жишигт нийцсэн стратегийн сан болгон төлөвшүүлэхийн тулд Үндэсний Баялгийн Сангийн тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуулиудыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Энэ шаардлагыг хангасан “Тусгаар тогтнол-Үндэсний баялгийн сан”-ийн тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2023 онд боловсруулж өргөн барьсан болохыг дахин сануулъя.

ТӨГСГӨЛД НЬ НЭМЖ ДУРДАХАД: Энэ удаагийн Үндэсний Баялгийн Сангийн талаарх болон өмнөх олон удаагийн Ерөнхий сайдын мэдээлэл нь олон нийт, хууль тогтоогчдын мэдэхийг хүссэн, авах шаардлагатай мэдээллийг агуулаагүй зөвхөн Засгийн газрын пропаганд хийхийг хүссэн мэдээллээр хязгаарлагдаж байв. Үүний цаана төрийн эрх барих дээд байгууллага болон гүйцэтгэх засаглал хоорондын харилцааны том зарчмууд бүдгэрч байна.

Цаашид энэхүү дэгийг парламентын ардчилал хөгжсөн улсуудын жишигт нийцүүлж, Ерөнхий сайдын мэдээллийн цаг биш Улсын Их Хурлын асуулгын цаг болгон өөрчлөх шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд өөрийн хүссэн сэдвээр биш иргэд, хууль тогтоогчдын асуусан хүрээнд, өмнөөсөө хэн нэг сайдыг илгээж биш заавал биеэр ирж, хэдэн хуудас цаас унших бус үзэл бодлоо уралдуулан мэтгэлцдэг байх дэгийг хэвшүүлье. Ийм жижиг мэт зүйлээс парламентын ардчилал, хяналт, хариуцлагыг  бэхжүүлэх том өөрчлөлт бий болдог. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ