
ЖАЛХАНЗ ХУТАГТ Д.ДАМДИНБАЗАРЫН ХӨШӨӨ ЗАВХАН АЙМАГ ТӨВ ТАЛБАЙД ЗАЛАГДЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд асан, олноо "Самади багш" хэмээн алдаршсан Очирванийн хувилгаан Жалханз хутагт Ц.Дамдинбазарын хөшөөг өчигдөр Завхан аймгийн төв талбайд заллаа.
Тэрээр буддын гүн ухаанд нэвтэрсэн, буддын шашны сургаалын арвин их сан хөмрөгт олон арван бүтээл туурвил бичиж үлдээсэн бичиг номын их хүмүүн байсан төдийгүй Богд хаант Монгол Улсын Ерөнхийлөн шийтгэх сайд, Дотоод яамны сайд, Ардын засгийн анхны Ерөнхий сайд, баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар ажилласан Монгол төрийн нэрт зүтгэлтэн, XX зуунд сэргэн мандсан шинэ Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бие сэтгэлээ зориулан амь хайргүй тэмцсэн цогтой эх оронч юм.
Түүний хөшөөг төв талбайд залах ёслолд УИх-ын гишүүн Б.Түвшин Завхан аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, Засаг дарга Г.Өнөрбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Бригадын генерал С.Ванчинхүү болон Улиастай цэргийн хүрээ, бусад зочид, төлөөлөгчид болон ард иргэдийнхээ хамт оролцлоо.
Жалханз хутагт Д.Дамдинбазарын хөшөөг төв талбайд залах төслийн санаачлагчаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, гүйцэтгэгчээр Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг нар ажилласан юм.
ШИНЭ МЭДЭЭ





