МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.САРАНЧУЛУУН: Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн араас явж байгаад согтуу эцэг, эхэд нь зодуулсан, хохирсон нийгмийн ажилтнууд зөндөө байдаг
2025.04.25
Хүний эрх

О.САРАНЧУЛУУН: Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн араас явж байгаад согтуу эцэг, эхэд нь зодуулсан, хохирсон нийгмийн ажилтнууд зөндөө байдаг

“Өглөөний зочин” буланд УИХ-ын гишүүн О.Саранчулуун уригдан оролцлоо. Түүнтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдын нийгмийн хамгааллын талаар ярилцсанаа хүргэе.  

Монгол Улсад 2024 оны байдлаар 115,000 ХБИ бүртгэгдсэн байна. Нийт хүн амын 4 орчим хувийг эзэлж байна. Гэтэл дэлхийн дундаж 15 хувьтай байна. Тухайлбал, АНУ 26 хувьтай бол Европын холбооны улсуудын дундаж 15-18 хувьтай байна. Харин хөгжиж буй улс орнуудад энэ үзүүлэлт 5-12 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт гэхээсээ илүүтэй оношилгоо, илрүүлэлт муу, бүртгэлжүүлэх ажил дутмаг хийгддэг юм биш үү гэсэн эргэлзээ төрүүлж байна л даа. Манайд ч ялгаагүй. Энэ талаар Та юу хэлэх вэ?

Та зөв анзаарсан байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг тодорхойлолтоо эргэж харах ёстой. Хараа, сонсголын бэрхшээлтэй, тулгуур эрхтэний бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй гэх мэт хэдхэн ангилалд хуваачихж байна. Биеийнх нь аль хэсэг гэмтсэн, түүгээр нь ангилчихдаг. Энэ арга хоцрогдсон. Жишээлбэл, Ж.Баясгалан гишүүн бид хоёр хоёулаа тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн ангилалд багтдаг. Гэхдээ Ж.Баясгалан гишүүн тэргэнцэр ашигладаг, би хиймэл хөлтэй учраас бид хоёрын хэрэгцээ өөр.

Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тодорхойлохдоо нийгмийн загвар руу шилжих ёстой. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн бүтэц нь юу юу хийж чадах вэ гэдгийг хардаг. Жишээлбэл, би гэхэд хөгжил маань бэрхшээлтэй тулгараад, зогсчихсон хүн шиг харагдахгүй байгаа биз дээ. Хиймэл хөлөө өмсөөд явахад замд янз бүрийн саад, бэрхшээл тулгарахгүй бол зүгээр яваад л байна. Ер нь бол хөлгүй байна уу, гаргүй байна уу эсвэл харааны бэрхшээлтэй байна уу гэдгээс үл хамаараад хамгийн нэгдүгээрт харах зүйл бол тухайн хүний чадвар.

Хүн өдөр тутмын амьдралдаа 10-20 төрлийн хөдөлгөөн тогтмол хийдэг. Босох, суух, явах, утсаар ярих, ариун цэврийн өрөөнд орж биеэ арчлах, хоолоо өөрөө хийж идэх гэх мэт. Эдгээр үйлдлийн алийг нь хийж чадахгүй байна вэ гэдэг дээр тулгуурлаж, хөгжлийн бэрхшээлийн хэрэгцээг тодорхойлж, үнэлэх ёстой. Үүнийг бид хийхгүй байгаа учраас ХБИ-ийн хэрэгцээг зөв тодорхойлж чадахгүй байгаа. Хэрэгцээг нь зөв тодорхойлохгүй болохоор шаардлагатай нийгмийн үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа юм. Тиймээс бид хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох нийгмийн загвар руу шилжих зорилт тавин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ зөв хэмжиж, үнэлж чаддаг болоод ирэхээр нийгмийн үйлчилгээ ч гэсэн илүү оновчтой, хүртээмжтэй болно.

Хүүхдээ аутизмтай гэдгийг нь мэдэлгүй өсвөр нас хүртэл нь явчихсан эцэг эхчүүд байдаг юм билээ. Дуу шуу муутай, зожигдуу хүүхэд байна л гэж хараад байдаг. Тэгэхээр илрүүлэлт бас хожимддог тал анзаарагдаад байна л даа...

0-5 настай хүүхэд байнга эмчийн хяналтад байдаг. Энэ үед эмч нар тухайн хүүхэд арай өөр, онцгой байгааг олж харах ёстой. Эрт илрүүлсэн бол нарийвчилсан үнэлгээ хийж, төдөн хувийн аутизмтай байна гэдэг ч юм уу эсвэл оюуны хувьд ийм байна гэдгийг тодорхойлоод, цаашид тухайн хүүхдийн ямар чадварыг түлхүү хөгжүүлбэл, ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой вэ гэдгийг эцэг эхэд зөвлөх ёстой. Эцэг, эх хүүхдийнхээ бэрхшээлийг багаас нь мэдсэн бол эмчилгээг нь эрт эхлүүлэх, мөн хөгжүүлэх шаардлагатай чадвар дээр нь анхаарах хэрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүний ард ойр тойрных нь 20 хүн зовж байдаг гэж та ярьж байсан. Ялангуяа дауны синдром, аутизм гэх мэт байнгын асаргаа шаардагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухайд голдуу ээжүүд нь насан туршид нь асарч халамжилдаг. Ажил ч хийж чаддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ хамт нийгмээс тусгаарлагдчихаж байна л даа, ихэвчлэн. Өндөр хөгжилтэй орнуудад асран хамгаалагчдад зориулсан стрессийг нь тайлах, сэтгэлзүйн эмчилгээнд хамруулах, мөн түр амраах зорилгоор асрагч илгээх гэх мэт үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Манайд иймэрхүү дэмжлэг дутмаг харагддаг л даа. Таны тухайд энэ талаар хуульд тусгах тодорхой санал, төлөвлөсөн зүйл байгаа юу?

Аутизмын хүрээний эмгэг, дауны хам шинж зэргийг мэдрэлийн шалтгаантай эмгэг гэж тодорхойлдог. Энэ төрлийн эмгэг нь дотроо олон янз байна. Өмнө хэлсэнчлэн өдөр тутам хийдэг 10-20 үйлдлээс хэдийг нь хийж чадаж байна вэ, хэдийг нь чадахгүй байна гэдгээс хамаарч, дотор нь ангилна гэсэн үг. Хэрэв хөнгөн хэлбэртэй гэж үзэж байгаа бол тэр хүүхдийн чадварт суурилж, эртнээс ажил хөдөлмөрт бэлтгэж сургадаг. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд ямар нэг үйлдлийг илүү сайн хийж чаддаг давуу талтай. Бусад оронд энэ чадварыг нь хөгжүүлж, түүгээрээ орлого олдог тогтолцоог бий болгож чадсан. Хүүхэд нь биеэ даагаад ирэхээр ээж, аавынх нь стресс буурч, өөртөө цаг гаргах, ажил хийх боломжтой болно.

Нийгмийн олон төрлийн үйлчилгээг төрөлжүүлэх хэрэгтэй байгаа. Ихэнх үйлчилгээ эрүүл мэнд рүү чиглэж байна. Нийгмийн үйлчилгээний тухайд, голдуу Төрийн бус байгууллагуудтай гэрээлсэн, төрөлжсөн үйлчилгээнүүд байна. Эсвэл өдрөөр сэргээн засах үйлчилгээ байна, гэхдээ энэ нь 7-14 хоног гэх мэт богино хугацаанд үргэлжилдэг. Энэ үед эцэг эхчүүд хүүхдээ орхиод явчихдаг. Уг нь тухайн сэргээн засах үйлчилгээг ээж, аавд нь заагаад өгөх юм бол эцэг эхчүүд гэрийн нөхцөлд өөрсдөө байнга хийгээд байж болно. Гэх мэтчилэн урт хугацаанд үр дүнгээ өгөх үйлчилгээ манайд дутагдаж байна. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ үүрч дүүрч асрахаас аргагүй байдалд байдаг. Энэ нь тэдний амьдралын чанарт нөлөөлж, стресс нэмдэг.

Энэ талаар миний бие АШУҮИС, НЭМС, Гэр бүл, хөдөлмөр хамгааллийн яамтай хамтраад жил гаруйн өмнө төсөл бичсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн амьдралын чанарын талаар судалгаа хийж байгаа. Монголд байгаа эцэг, эхчүүдийг төлөөлөөд 800 хүний түүвэр судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд үндэслэж, зөвлөмж гаргана. Ер нь манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ямар ч судалгаа байдаггүй. Хэрэгцээ нь юу юм бэ гэхээр мэдээлэл байдаггүй.

Та сая хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг багаас нь тодорхой дадалд сургах хэрэгтэй гэлээ. Гэтэл манайд сэргээн засах, хөдөлмөр болон хөдөлгөөн засах гэх мэт мэргэжилтнүүд дутмаг байдаг. Тэгэхээр энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд нэн шаардлагатай ажлын байрны ангилалд оруулж, тэтгэлэгт хамруулах бодлого хэрэгтэй юм биш үү?

Боловсролын яамтай яриад эхнээс нь хийгээд явж байна. Хүн бүрд нөөц боломж бий гэж бид үздэг. Хэвтэрт байгаа хүнд ч өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл бий. Энэ нь тэр хүний давуу тал болно. Бидний зүгээс тэрхүү нөөц боломжийг нь илрүүлэх ёстой. Үүний тулд тухайн хүнтэй ойртож ажиллах, нөөц бололцоог нь сэрээж, нуугдсан эрдэнийг илрүүлж гаргах мэргэжилтнүүд хэрэгтэй. Хэл засалч, хөдөлгөөн засалч, ахуй засалч гэх мэт мэргэжилтнүүд үүнийг хийх ёстой. Гэвч дөнгөж дунд сургууль төгссөн 17-18 настай хүүхдүүд энэ мэргэжлийг сонгох нь бага. Тэгэхээр явж явж нэг бол зовлонгоо мэддэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө сурна, эсвэл ийм хүүхэдтэй ээж, аавууд сурдаг. Гэхдээ эдгээр хүмүүсийн тухайд сургалтын төлбөрөө өөрөө гаргах боломж тэр бүр байдаггүй.

Тиймээс энэ чиглэлээр суралцах иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэдэг саналыг өнгөрсөн хугацаанд удаа дараалан тавьж ирсэн. Өнгөрсөн намрын чуулганы үед Боловсролын зээлийн сангийн зээлийг цэгцлэх Ажлын хэсэг байгуулагдахад миний бие эдгээр саналыг өгсөн. Хоёр дахь удаагаа суралцагч байж болно гэсэн агуулгыг тусгасан. Мөн протез, хиймэл хөл хийдэг мэргэжлийг эрэлттэй ажлын байранд оруулсан. ХБИ суралцвал уян хатан нөхцөлтэй байх гэх мэт олон өөрчлөлтийг тусгаж чадсан. Эцэг, эхийн аль нэг нь хөөдлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан бол хүүхдийг нь тэтгэлэгт хамруулах заалт байсныг 50 хувь болгон бууруулсан.

Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод нэг жил шахуу хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хичнээн хуулийн төсөл санаачилж, мөн ажлын хэсэгт орон ажиллаж байна вэ?

2025 онд долоон хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Эхнийх нь Нийгмийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл. Нийгмийн ажилтан бол нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэгчид. Энэ үйлчилгээг бид ялгаж салгаж байж, халамжаас хөдөлмөрт гэдэг зорилт хэрэгжинэ. Хуулийн төслийг эмэгтэй гишүүд дэмжин ажиллаж байгаа. Удахгүй өргөн барина.

Дараагийн хуулийн төсөл бол Ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц бодлого монголд хэрэгтэй байгаа. Хэрэгцээг нь судалж дууссан. Ялгаварлан гадуурхалт гэдэг юмыг нарийн тодорхойлж, хэмжээгүй юм байна. Тиймээс хүмүүс гомдол гаргадаггүй юм байна. Гомдол гаргах процесс нь өөрөө төвөгтэй юм байна. Тэгэхээр олон төрлийн ялгаварлан гадуурхалтыг эхлээд тодорхойлж өгье, ингэж болохгүй шүү гэдэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авъя, хэрэв ийм тохиолдол гарвал яаж шийдвэрлэх вэ гэдэг санкц нь тодорхой байх ёстой юм байна. Гэхдээ нийгмийнхээ уур амьсгал, соёлын онцлогт тохирсон байдлаар хэрэгжүүлэхийн тулд хэлэлцүүлгүүд өрнүүлье гэдэг шийдвэрийг өчигдөр Ажлын хэсгээс гаргалаа.

Гуравдугаарт, манай улс хөгжлийн бэрхшээтэй иргэдийн эрх ашгийг хангах олон хуультай. Олон улсын конвенциудад ч нэгдсэн. Гэхдээ эдгээр хуулийг мөрдөөгүй, хэрэгжүүлээгүй бол Зөрчлийн хуулиар ингэж шийтгэнэ гэсэн нэг ч хариуцлагын заалт байхгүй.

Төр хуулиараа хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүрэгтэй. Манай хуулиудад хүний эрхийг хүндэтгэж байгаа ч хангахгүй байна бас хамгаалахгүй байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэгч таван субьект байдаг. Засгийн газар буюу хэрэгжүүлэгч яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний агентлаг, Нутгийн удирдлага, ТББ-ууд, ААН-үүд гэсэн таван субьект бүгд жигд оролцож байж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх хангагдана бас хамгаалагдана. Хамгийн хэрэгжүүлэхгүй байгаа газар нь Орон нутгийн баг байдаг. Энэ багийг тухайн орон нутгийн Засаг дарга удирддаг. Засаг дарга яамтай гэрээ байгуулдаг. Тэр гэрээнд ХБИ-ий төлөө ийм ажил хийнэ гэсэн заалт нь маш ерөнхий байдаг. Шалгуур байдаггүй. Яаж хэмжих нь тодорхойгүй.

Миний хувьд эдгээр хуулийн төсөл дээр ажиллахаас гадна хэрэгжүүлэхийн тулд Засаг дарга нар руу нэлээд тулж ажиллана. Хүсэхгүй байгаадаа ч биш яаж хийхээ мэддэггүй байдал анзаарагдаж байна. Тэгэхээр зааж өгөх ёстой юм байна. Шалгуурыг нь гаргаад өгье. Араас нь үнэлээд явна.

Та сая Нийгмийн ажилтны асуудлыг хөндлөө. Энэ хүмүүс ХБИ-ээс гадна гэр бүлийн болон сургуулийн орчинд хүчирхийлэл, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа хүүхдүүдтэй ч тулж ажиллах үүрэг хүлээдэг. Гэсэн хэдий ч нийтээрээ энэ мэргэжилтний ач холбогдлыг ойлгохгүй, эрхзүйн байдал нь тодорхойгүй, нийгмийн хамгаалал муу байгаад байна л даа...

Барууны орнуудад нийгмийн ажилтан гэдэг мэргэжил 1910 оноос бий болсон. 100 гаруй жилийн түүхтэй. Манай улсад 1990-ээд оны сүүл үеэс бий болсон. Бидний боловсруулж байгаа хуулийн төсөл нь 13 зүйл, 162 заалт бүхий бидний боловсруулж байгаа хуулийн төсөлд нийгмийн ажилтныг тодорхойлсон. Энд ингэж үйлчилнэ гэдгийг ч тодорхой болгосон. Гэхдээ тэдгээр тодорхойлолтууд нь өөр хоорондоо уялдаагүй байдаг.

Дээр нь нийгмийн ажилтнууд өөрийн тань хэлсэн хамгийн хүнд бүсүүдэд ажиллаж байна. Орон нутгийн хамтарсан багт нийгмийн ажилтан байдаг. Тэр багт 5-6 хүн байгаа хэрнээ нийгмийн ажилтан ганцаараа тэр багийн хийх ажлын 80-90 хувийг гүйцэтгэдэг. Тэгсэн мөртлөө хамгийн бага цалинтай, хамгаалалт байхгүй. Хүний эрхийг хамгалах гэж, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн араас явж байгаад согтуу эцэг, эхэд нь доромжлуулсан, зодуулсан, алуулсан нийгмийн ажилтнууд зөндөө байдаг. Өнөөдөр салбарт бүрд ажиллаж байгаа 6000 гаруй нийгмийн ажилтанд ажлаасаа халшрах эмгэгтэй, хаяад явахад бэлэн байдалтай байна. Тиймээс эхлээд энэ хүмүүсийг өөрсдийг нь хамгаалж байж, нийгмийн хамгааллын салбарын ямар ч үйлчилгээ хөгжинө. Улаан бүсэд ажиллаж байгаа гал сөнөөгч нар, сувилагч нарын асуудлыг ярьдаг шигээ нийгмийн ажилтнуудын асуудлыг авч үзэх ёстой. Ажлын байрны тодорхойлолт нь ч тодорхойгүй болохоор энэ хүмүүсийг нохойд барьдаг мод шиг ашигладаг. Гол нь хийж байгаа ажил нь үнэлэгддэггүй.

Урилга хүлээн авч, ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ