
Ахмадуудтай уулзаж орон нутгийн хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Хөвсгөл аймгийн МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүлэгчид болон тус аймгийн 24 сумын ахмадын салбар холбоодын төлөөлөлтэй уулзаж орон нутгийн хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулж яваа ахмад буурлууд маань сонгогч олныхоо хүлээлгэсэн итгэлийг өндөрт өргөж яваа хэмээн үнэлж урмын сайхан үгээ уламжилсны зэрэгцээ хүн ам зүйн бодлого, хүн амын өсөлт, эх үрсийн эрх ашгийн төлөө барьж буй бодлогодоо тууштай явах санал зөвлөгөөгөө дуулгалаа.
Үүний хамтаар ахмадууд маань олон шинэлэг санаачилгыг хэлсний дотор сумдын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн хомсдол, эрт илрүүлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдалд санаа зовниж байгаагаа дуулгаж, мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд баригдаж байгаа 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил одоог хүртэл дуусахгүй байгаа нь эмнэлгийн дотоод үйл ажиллагаа, эмнэлгийн үйлчилгээ авах иргэдэд хүндрэл учруулж байгаа асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.
Түүнчлэн, Шинэ мөрөн худалдааны төвд гарсан гал түймэрт эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах, орон нутгийн хөгжил дэвшилд өндөр үүрэгтэй оролцдог сумдын Ахмадын төвүүд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөлөөр хангагдаж чадахгүй байгаа асуудлыг хөндөв. Миний бие ахмадуудынхаа хөндсөн асуудлуудад анхаарч ажиллахаа уламжилсны хамтаар Хойд бүсийн хөгжлийн бодлогод тэднийхээ хэлсэн санал санаачилгыг тусгуулж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.