П.Сайнзориг: Сэтгүүлчийн ёс зүйн асуудлуудыг Арбитраар шийдэх нь зөв
УИХ-ын чуулганы 2025.04.24-ний асуудлаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхиййллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Нэгдүгээрт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль олон жил яригдаад олон ч удаа буцсан. Үүн дээрээсээ хэвлэл мэдээллийн эздийн ил тод байдлын асуудал нь Улсын бүртгэлийн тухай хууль батлагдахад шийдэгдсэн байдаг. Бусад асуудлууд нь бол шийдлээ хүлээгээд явж байгаа юм. Холбогдох судалгаа их олон жил хийгдсэн. Энэ хуулийн төслийг уг нь зөвлөлдөөд 2 салгаад ороод ирээч гэж. Тухайлбал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиа тусад нь, хэвлэл мэдээллийн байгууллагын хуулиа тусад нь хийчих гээд. Тэгсэн өнөөдөр холиод ороод ирсэн байна. Хольж орж ирэхдээ нэлээн зэрэмдэглэчхэж. Ерөөсөө асуудал шийдэж байгаа юм алга. Дандаа тунхаг. Асуудал шийдэгдэж байгаа ганцхан өнцөг нь 14 дүгээр зүйл дээр байгаа хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалт тогтоогч гэж байгууллага ажиллана гэх. Энэ байгууллага нь бүх редакцтай хэвлэл мэдээллүүд орох ёстой юм уу, орох ёсгүй юм уу? Бүү мэд. Иргэд энд гомдол гаргаж болно л гээд байгаа юм. Гарсан гомдлыг нь редакцууд нь би танай байгууллагын гишүүн биш учраас дагаж мөрдөхгүй л гэнэ. Ийм байдлаар иргэдэд ойлгомжгүй тэгээд сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг шийдэж байгаа мэтээр ингэж өнгөц оруулж ирж байгаа ерөөсөө буруу.
Хэвлэл мэдээллийн салбарт бол эзэд буюу хөрөнгө оруулагч нар байгаа. Сэтгүүлч нар ажиллаж байгаа. 3 дахь буюу хамгийн том оролцогч нь олон нийт. Олон нийт мэдэх эрхээ хангуулах, мэдэж авахын тулд эсвэл тодорхой итгэл үнэмшил сууж, мэдээлэл олж авах эрхийг нь хангаж өгч байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллага. Гэтэл олон нийтийгээ хаяад зөвхөн өөрөө удирдлагын байгууллага байгуулахын төлөө. Нөгөөх нь ямар чиг үүрэгтэй юм бүү мэд. Үүн дээр таны байр суурийг сонсмоор байна.
Хоёрдугаарт, Сэтгүүлчийн ёс зүйн асуудлуудыг Арбитраас шийдмээр байна. Өөрөөр хэлбэл гүтгүүлчихсэн гээд байгаа хүн өөрийнхөө нэг арбитрчийг сонгоод, сэтгүүлч өөрөө арбитрчаа сонгоод нөгөө 2 сонгогдсон арбитр маань гуравдагч арбитраа сонгоод явдаг. Нэг ёсондоо, сэтгүүлчийн ёс зүйн асуудалтай зөрчилтэй холбоотой маргааныг хэвлэл мэдээллийн арбитрууд шийддэг дэлхий нийтийн жишиг байна. Эх сурвалж нь их чухал боловч энэ дээр зэрэмдэглээд хаячхаж. Эх сурвалжийг нууцлах асуудал зөвхөн эрүүгийн хуультай эрүүгийн процесстой холбогддог эд биш. Захиргааны процесстой, иргэний процесстой, арбитр зөрчил шалган шийдвэрлэх хуультай холбогдоно. Ингээд төрийн болон албаны нууцын хуультай холбогддог. Гоё ганган гарчиг тавиад ингээд ороод ирчихсэнд харамсаж байна!