УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэлэлцээд явахыг зарчмын хувьд дэмжиж байна. Чуулган дээр явж байгаа асуудлууд болон мэтгэлцээнүүд л нэг зорилгыг л яриад байна. Хүнсний аюулгүй байдлаа яаж баталгаатай хангах вэ? Үйл ажиллагаандаа дотоодын тариаланчид, ААН байгууллагуудаа яаж бодлогын хүрээнд дэмжиж явах вэ? Энэ нь ямар ач холбогдолтой юм гэдэг зүйл байна. Нөгөө талдаа хэрэглэгч буюу монголчууд бид бас хямд, чанартай, найдвартай түүхий эдтэй хийгдсэн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх асуудал цаана нь яригдаж байна. Гол асуудал гаалийн тарифыг чөлөөлж үзлээ. Үүн дээр нийт гурилын үйлдвэрийн 40 орчим хувь буюу тодорхой ААНБ-ууд хаалгаа барьсан байна.
Тэгэхээр бид гэнэтийн энэ мэт шийдвэрүүд гаргаж, ийм богино хугацааны цохилтуудыг ААН байгууллагууддаа өгч болохгүй. Үүнийг харахаар цэвэр өрсөлдөөний асуудал байна. Зах зээлийг яаж зохицуулах вэ? Үнэ тогтоохдоо хуйвалдаж, картель үүсгэж, монопол байдлаа ашиглаж яваад байгаа бол гааль тарифын гэдэг юм уу дотоодын зах зээлийг нээж, хааж үзэхээс илүүтэй өөрсдийн эдийн засгийн зохицуулах өрсөлдөөний хууль тогтоомжоо сайжруулах шаардлага байна!
Хууль, эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлага зайлшгүй байна. Асуудлуудыг зохицуулахдаа зах зээлийн зарчмыг алдагдуулж болохгүй. Хүнсний бүтээгдэхүүн хөнгөн үйлдвэрийн салбар маш олон ажлын байрыг хадгалдаг. Дундаж давхарга яг салбараас босож ирэх боломжтой.