МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Газарзүйн байршлын хувьд Дундговь аймаг нийслэл хот, говийн бүсийн ханган нийлүүлэлтийн төв болон хөгжих боломжтой
2025.03.13
Орон нутгийн хөгжил

Газарзүйн байршлын хувьд Дундговь аймаг нийслэл хот, говийн бүсийн ханган нийлүүлэлтийн төв болон хөгжих боломжтой

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нарын хамт өнөөдөр /2025.03.13/ Дундговь аймагт ажиллалаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан таван нам эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламентын стратеги төлөвлөгөө, баримтлах бодлогыг танилцууллаа. Ирэх дөрвөн жилд хэрэгжих УИХ-ын стратеги төлөвлөгөө нь парламентын засаглалыг хөгжүүлж, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд түшиглэсэн эрх зүйн орчныг бий болгоход чиглэж буйг хэллээ. Тэрээр УИХ стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа олон улсын жишиг аргачлалыг судалж, мэргэжлийн байгууллагуудын санал бодлыг нээлттэй тусгасан талаар дэлгэрэнгүй танилцуулав. Ингэхдээ, хүнээ дээдэлсэн, эрхийг нь хамгаалсан хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлж, хүн төвтэй байх зарчмыг эрхэм зорилго болгосон гэлээ.

УИХ-ын дарга хэлэхдээ олон нам эвслийн төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн парламент 30 жилийн турш улс төржиж гацсан, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг удаашруулсан асуудлуудыг зөвшилцлийн аргаар шийдэж, томоохон төслүүдийг урагшуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн нь том ахиц дэвшил хэмээн онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улаанбаатар хотоос 265 км зайд орших Дундговь аймаг нь газар зүйн байршлынхаа онцлогт тулгуурлан нийслэл хот, говийн бүсийн ханган нийлүүлэлтийн төв болон хурдацтай хөгжих боломжтойг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ