
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хуулийн төслийг танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурал 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг эцэслэн баталсан. Гаалийн албан татвараас чөлөөлөх, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурил, улаанбуудайн жагсаалтыг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор мөн баталсан. Энэ хүрээнд улаанбуудайн дээд болон I зэргийн гурил, есөн нэр төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн.
Хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлсөнтэй холбоотойгоор хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар 64.2 мянган тонн улаан буудайн гурил буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мянган тонн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мянган тонн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мянган тонн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арц, суварга боомтоор 3.9 мянган тонн улаанбуудайн гурилыг ОХУ-аас импортолсон байна. Мөн 2025 он гарсаар эхний 4 дүгээр сарын байдлаар нийт 17.1 мянган тонн улаанбуудайн дээд болон I гурил импортлоод байгааг онцлон тэмдэглэв.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 65.2 мянган тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их тэжээл импортолсон байна. Энэхүү нөхцөл байдал нь стратегийн хүнс болох улаанбуудайн болон гурилын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааг тогтворгүй болгож, тэдгээрт хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж үнэгүйдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй байна.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль нэгэнт зорилгодоо хүрсэн гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хуулийн төслийн ТБХ-ны санал, дүгнэлтийг танилцууллаа.
ШИНЭ МЭДЭЭ
