
УИХ Бондын зах зээлээр дамжуулан санхүүжилт босгохыг бүхий л талаар дэмжин ажиллана
Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан “Бонд форум-2025” арга хэмжээ өнөөдөр /2025.04.17/ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан юм.
Бондын зах зээлийн ач холбогдлыг сурталчлан, иргэд, олон нийт болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бонд гаргах замаар санхүүжилт татах сонирхлыг дэмжих зорилготой форумын үйл ажиллагааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж хэллээ. Тэрбээр, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэсэн.
Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.