2025.04.04
Хууль, эрх зүй
Х.Тэмүүжин: Прокурорын босоо систем дотор өмгөөлөгч нар хамаг хүч нөөцөө мэдлэг үйл ажиллагаагаа
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.04) нэгдсэн хуралдаанаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл” хэлэлцүүллээ.
Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Өргөн баригдаж байгаа процессын хуулийг бүрэн дэмжиж байна. Үнэхээр тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдсан байна. Хууль зүйн сайдаас хоёр зүйл асууя. Ийм хэмжээний процессын өөрчлөлт хийх бол ЗГ-ын түвшинд ажиллахад арай л жижигхэн санагдаж байна. Бараг УИХ-ын гишүүд өөрсдийн нөөцөөрөө ийм судалгаануудаа хийгээд ийм процессын өөрчлөлтийг бол хийчих байх. Би бол ЗГ-аас илүү том хүлээлттэй байгаа. Өчигдрийн чуулган дээр бас хэлсэн. Тогтолцооны авлига гажчихсан юм байгаа үед бол бид нар жижиг сажиг косметик засвараар бол амжилтад ерөөсөө хүрэхгүй. Бараг газар хөдлөлтийн шинжтэй том өөрчлөлтийг хийж байж дорвитой зөв алхмыг хийнэ. Процессын шинэтгэл дээр хэзээ ийм бодлогууд орж ирэх вэ? гэдэг асуулт асуумаар байгаа юм. Үнэхээр энэ процесс дээр шүүхийн хяналтыг бүрэн дүүрэн тавья гэвэл прокурор дээр байгаа зөвшөөрлийн тогтолцоонуудыг бүхэлд нь шүүх рүү шилжүүлэх хэрэгцээ байна. Тэгэхгүй бол яллаж байгаа буюу шүүхийн өмнө нэг тал болж байгаа этгээдээсээ зөвшөөрөл хүсэлт яваад байдаг. Өмгөөлөгч гэдэг бол процессын хувьд бол маш сул дорой. Тийм учраас энэ прокурор дээр байгаа зөвшөөрлийг олон улсын жишгээр шүүх рүү шилжүүлэх алхмуудыг хэзээ хийх вэ? 2-т нь процесс дээр маш ноцтой нэг гажуудал байна. Хэрвээ өмгөөлөгч, прокурор хоёр хоорондоо маргаад процессын алдаа байна нотлох баримт хууль бусаар цуглагдаж байна энэ асуудлыг дутуу шалгалаа гэх мэтчилэн маргаан явж байгаа бол энэ маргаан шүүх рүү очих ёстой. Шүүх рүү очихын тулд процессын хууль дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хэлбэрийг бий болгосон. Одоо энэ хэлэлцүүлгийг амилуулах хэрэгцээ байна. Тэгэхгүй бол дахиад юу болж байна вэ гэхээр өмгөөлөгч прокурор хоёрын маргаан дээд шатны прокурор явдаг болоод хувирчихлаа. Угаасаа л социализмын үед прокурорын ерөнхий хяналт гэж нэг том хяналт байсан. Тэгээд шүүх рүү очих ёстой процессын маргаан нь дээд шатын прокурорууд яваад ирэхээр шүүхийн маргаан дотор хажууд нь зэрэгцээд захиргааны маргаан шиг шаталсан удирдлагатай босоо прокурорын систем дотор өмгөөлөгч нар хамаг хүч нөөц, мэдлэг, үйл ажиллагаагаа зардаг болоод явчихлаа. Үүнийг хэзээ таслан зогсоох вэ? Энийг таслан зогсоож байж л шүүх хуулийн өмнө эрх тэгш гэж үндсэн хуулийн зарчим ажиллаж эхэлнэ. Гуравдугаарт, манайх энэ Вишинскийн аргаас хэзээ салах юм? Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг шиг нэг жижиг сажиг сэжүүрээр эхэлж өлгөж авна. Ард нь тэлээний хэргээр ч хамаагүй шоронд явуулах гэж оролддог энэ нэг процессын мөрдөн шалгах үйл ажиллагааны гажгийг хэзээ засах вэ? Манайх прокурорын зөвшөөрлөөр юу ч хамаагүй нээгээд тэгээд яаж ийж байгаад ялладаг ийм тогтолцоо руу орчихлоо.
Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хариуллаа.