Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцлээ.
Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Хуулийн байгууллагын толгой дээр хуулийг үл хүндэтгэдэг шуналын дэв очихоор юу болдог гэдгийг бол бид маш сайн мах цусаараа мэдэрсэн. Тийм учраас сайн хүн олж тавихаас гадна тогтолцооны зоригтой шинэтгэлүүд бол үгүйлэгдэж байгаа. Ардчилсан эрх зүйт улс орнуудад байдаг шиг Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор хоёр 1 хүн байхад бол 6 жил томилогдоно уу нас нь хэд байх нь асуудал биш. Тэр улсуудад Хууль зүйн сайд Ерөнхий прокурор хоёр 1 хүн байхад бол санаа зовохгүй байгаа. Тэр улсуудад Хууль зүйн сайд дотоод хэргийн сайд хоёр 1 хүн байхад бол харин айж сэргээгдэж байгаа. Яагаад гэвэл хэрвээ Хууль зүйн сайд дотоод хэргийн сайд хоёр 1 хүн байхаар тэр нь цагдаагийн сайд болж хувираад улс нь цагдаажсан төртэй болж хувирдаг юм байна лээ. Тэгэхлээр том тогтолцооны шинэтгэлийг зоригтой хийх хүлээлт бол байгаа гэдгийг би энд хэлэхийг хүссэн юм. Хоёрт нь Ерөнхий прокурорт томилогдох гэж байна. Прокурорын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дээр. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль олон нүүргүй нэг байхын тулд энэ байгууллага оршин байгаа тухай ярьж байгаа юм. Тийм учраас би хэд хэдэн хуулийг сануулмаар байна. Прокурорын тухай хуулийн 60.3 дээр прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас гэж бичсэн байгаа. Төрийн албаны тухай хуульд 41.2 дээр хуульд өөрөөр заагаагүй бол дээд хязгаар 65 нас гэж бичсэн байгаа. Төрийн албаны хуульд, хуульд өөрөөр заагаагүй бол гэдэг үгтэй. Хуульд өөрөөр заасан нь Прокурорын тухай хууль дээр байгаа. Хуулийн энэ зөрчлийг арилгахгүйгээр УИХ шийдвэр гаргавал хоёр өөр шийдвэр гаргана. УИХ жоохон хожуу хойшоо сууж ажиллаж байгаа байх. ҮХЦ-ээс 2025 оны 2 сарын 14-нд 2 дугаар тогтоолоороо Дээд шүүхийн шүүгч нартай холбоотой тэтгэврийн настай холбоотой маргаан шийдвэрлэсэн. Хэрвээ УИХ 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллага дээр томилох гэж байгаа бол хуулийн энэ зөрчлийг арилгах ёстой шүү. Арилгахгүй бол ард нь ҮХЦ рүү үсэрчих вий гэж болгоомжилж байгаа. Ажил авч байгаа хүн нь ч ажил явуулж байгаа хүмүүс нь ч үндсэн хуулийн маргаан руу очвол энэ бол эрсдэлтэй. Шүүхийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байгуулагдаж байгаа ажлын хэсэг ХЗБХ-н дээр хурдтай ажиллаж энэ зөрчлөө арилгахгүй бол төвөгтэй байдалд аваачна шүү гэдгийг дахин сануулж хэлж байгаа юм. Гуравдугаарт Энхбаяр гишүүний хэлсэнчлэн үнэхээр прокурорын манлайллаар нэг ажлыг хийх цаг болсон. Прокурорууд яллах үйл ажиллагаагаа шүүх дээр явуулах ёстой. Тэгтэл энэ мөрдөх байгууллага чинь шүүх дээр ажилладаг биш хэвлэл дээр ажилладаг байгууллагууд болоод хувирчихлаа. Сүүлдээ Хууль зүйн сайд нь хүртэл прокуророос зөвшөөрөл авсан эсэх нь мэдэгдэхгүй хэргийг хэвлэлээр ярьдаг болж байна. Энийг зогсоохын тулд тэр прокурор гэдэг хүн процессын эзэн хувьдаа шүүх рүү яллах үйл ажиллагаа явуулж энэ хэргийг толгойгоор хариуцаж орж байгаагийнхаа хувьдаа ямар ч албан тушаалтан прокурорын гадуур энэ хэрэг ярьж байгаа үйл явцыг тас цохих ёстой шүү. Хэвлэл дээр биш шүүх дээр шударга ёс тогтдог хууль амилдаг нотлох баримт үнэ цэнтэй. Хэвлэл дээр пи ар шиг биш улс төрчид шиг биш. Шүүх дээр хууль амилдаг, шударга ёс тогтдог нотлох баримт үнэ цэнтэй байдаг энэ хуулийн засаглалыг хүний эрхийн хамгаалалтыг прокурор манлайлж ажиллах цаг болсон шүү. Мэргэжилдээ үнэнч байх гэдэг бол маш чухал. Би түрүүн үгийнхээ эхэнд хэлсэн. Хууль дээдэлдэггүй мэргэжлээ үл тоомсорлодог шуналын хүн хуулийн байгууллагын толгой дээр очихоор ямар аймшиг болдог. Жаргалсайхан прокурорт мэргэжилдээ үнэнч байдаг, хуулийг эрхэмлэдэг гэдэг байр сууринд нь итгэж байна. Хуулийг нэг мөр. Монгол Улсын хэмжээнд үйлчлүүлэхийн тулд хууль тогтоогчид бас ажлаа хийх ёстой.