УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.03.27/ хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Өнөөдөр бид нэгэн зэрэг хэд хэдэн баримт бичгийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Эхнийх нь дийлэнх гишүүдийн яриад байгаа Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн гүйцэтгэлийн тайлан юм. Зарим гишүүд улс төржлөө гэх юм. Гэтэл МАН үнэмлэхүй олонх байх үедээ Алсын хараа-2050 гэдэг баримт бичгийг хүч түрэн баталж 5 жилийн үндсэн чиглэл гэдэг юм бодож олсон. Тэрийг нь л асууж байна. Өмнөх нийгмээ санагалзсан юмуу, урд хойш хөршөө даган дуурайсан юмуу ойлгомжгүй. Уг нь манай улс ЗГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө 4 жилээр баталдаг. Энэ парламент ч тэр сонгогдсон даруйдаа ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлан бас орж ирлээ. Нэг зүйл дээр гишүүдтэй санал нэг байна. Ийм олон давхардсан баримт бичиг, үнэлгээ, цаас хийлээ гээд ажил сайжирдаг бол хамаа алга. 5 жилийн коммунист төлөвлөгөө баталлаа гээд иргэдийн амьдрал сайжирдаг бол бас хамаа алга. Гэтэл хангалттай сайхан хэрэгжсэн зүйл нэг ч алга. Бүгд л үр дүн муутай, тодорхой үр дүнд хүрээгүй гэсэн дүгнэлттэй. Сүүлийн хэд хоног УИХ гүйцэтгэлийн тайлан хэлэлцэж байгаа сургаар энэ хэдэн яамдын дарга нар, албан хаагчид ордны коридорыг сахиж суулаа. Одоо ч гэсэн сууж л байна. Хэзээ үндсэн ажлаа хийх юм бүү мэд. Цаашид УИХ-д зөвхөн сайд нар ажлаа тайлагнах, асуудлаа тайлбарлах ёстой, төрийн албан хаагчид орж ирэх шаардлагагүй гэж УИХ-ын дарга удаа дараалан сануулж буйг дэмжиж байна.
Уг нь Баасан гарагийн өглөө Ерөнхий сайд илтгэлээ өөрөө танилцуулаад сайд нар танхимд суугаад байсан юм. Харин өнөөдөр Ерөнхий сайд болон олон яамны сайд нар алга.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлмээр байна. Та бол Монгол Улсын түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хүн. 5 дахь жилдээ ажиллаж байна. Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш ингэж удаан ажилласан сайд байхгүй. Гэтэл энэ хугацаан дахь ЗГ-ын ажлын үнэлгээ 66 хувьтай гарсан. Энэ чинь "F" үнэлгээ мөн биздээ. Л.Оюун-Эрдэнэ сайд гүйцэтгэлээ тайлагнасан илтгэлдээ ковидыг ялсан гээд ярьчих шиг болсон. Ковидын үед юу болсныг дахин сануулах хэрэгтэй юм шиг байна. Эх орондоо ирж чадалгүй, гэр бүлээсээ хагацсан хүмүүс, Улаанбаатар хот руу орж ирэх гээд 22-ын товчоон дээр амь насаа алдсан, 8 сая төгрөгийн ковидын багц, үй түмэн хүний эрхийн зөрчлүүдээ бид нар мартчихсан юмуу? Эдийн засаг 5 хувиар агшсан тэр үеийн алдагдлаа өнөө хэр нь нөхөж чадалгүй дампуурсан үйл олон аж ахуйн нэгжүүд бий. Боловсролын хоцрогдлоо өнөө хэр арилгаж чадахгүй байгаа маш олон хүүхэд багачууд байна. Энэ хугацаанд юмны үнэ хэд дахин нэмэгдсэн. Иргэд өдөр тутам үнийн өсөлтөд дарлуулж байгаа. Ковидоос хойш нүүрсний экспорт өссөн учраас нэг хүнд ногдох ДНБ нэмэгдсэн гэж харагдаад байгаа боловч иргэд үнийн, ханшийн өсөлтөд дарлуулсан хэвээр. Гэтэл төсөв данхайсан хэвээр. Төр нь мөнгөөр туйлсан хэвээр. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа 100 гаруй их наяд төгрөгийн улсын төсвийг захиран зарцуулсан. Тэгтэл Аудитын байгууллагаас 5 жилийн үндсэн чиглэлд тусгагдсан 21,7 их наяд төгрөгийн зарцуулалт нийгэмд ямар ч эерэг өөрчлөлт авчраагүй гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл 21,7 их наяд төгрөгийг тодорхой үр дүнгүй зүйлд зарцуулсан байна гэсэн үг. Энэ нь нүүрсний 44 их наяд гэдэг шиг замхраад алга болох юмуу?
Ерөнхий сайдын тайлагнаж буй 5 жилийн үндсэн чиглэл нь үндсэн 9 бодлоготой байсны эхний үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх гэсэн зорилт байжээ. Энэ нь 51 хувийн үнэлгээтэй. Үнэхээр үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх гээд буй юм бол өөрөө улс төрийн манлайлал үзүүлэх хэрэгтэй. Хэн нэгэн хийсвэр дайсныг дарах тухай ярих биш, шүүмж хэлсэн хүнийг хар пи ардах биш, улс орныг талцуулсан нэвтрүүлэг хийж орон даяар цацах биш, Монгол Улсын Ерөнхий сайд урагшаа харсан эерэг манлайлал үзүүлж чадвал бодит үр дүн гарна. Монголчууд бид үндэсний эв нэгдлээ хангаад явна гэдгийг танд сануулахыг хүсч байна.