2025.04.03
Улстөр
Б.Жаргалан: Төрд л орохгүй бол ирээдүйгүй гэсэн итгэл үнэмшлийг АВЛИГА бий болгосон
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.03/ хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
2024 онд Бүгднайрамдчуудын хүрээлэнгээс гаргасан олон нийтийн санал бодлын судалгаанд Монгол Улсад хамгийн тулгамдсан асуудал юу вэ гэдэг дээр нийт оролцогчдын 31 хувь нь үнийн өсөлт гэж хариулсан байна. 30 хувь нь ажилгүйдэл, 26 хувь нь авлига гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл бидний бусад яриад байгаа замын түгжрэл, Улаанбаатар хотын утаа гэх мэт хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж буй зүйлүүдээс илүү авлигын асуудалд иргэд санаа зовж байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд авлига нь Монгол Улсын хөгжлийг хойш нь татсан, эдийн засгийн өсөлтийг сааруулсан, монголчуудын бүтээмжийг бууруулсан чөдөр тушаа болчихоод байна. Өнгөрсөн хугацаанд бид энэ тал дээр хангалттай ахиц дэвшил гаргаж чадсангүй. Авлига өндөр байгаа учраас, нийгэм тэр чигтээ алвигад идэгчихсэн байгаа учраас залуусын мөрөөдөл үгүй болж байна. Монгол Улсад шударгаар хөдөлмөр эрхлээд, аж ахуй, бизнес эрхлээд амжилтад хүрч чадахгүй нь гэсэн итгэл үнэмшилтэй болчихлоо. Хүмүүс мөрөөдөлгүй болж байгаа учраас гадагшаа гарахыг илүүд үзэж байна. Төрд л орохгүй бол ямар ч боломж бололцоо байдаггүй, ашиг орлого нь нэмэгддэггүй, хувийн хэвшлийн орон зай энэ улсад байхгүй болчихсон ийм нөхцөлд та бид нар ажиллаж байгаа шүү дээ. 123 гишүүнтэй шинэ парламент бүрэлдсэний хамгийн чухал анхаарвал зохистой асуудал бол хуулийн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг тогтоох, нийгэмд энэ авлига гэдэг асуудлыг бүрмөсөн алга болгох ийм л зорилт дэвшүүлж ажилламаар байна. Өнөөдөр гишүүдийн хэлж багаа үгсийг нэлээн сонслоо. Зарим талаар урам хугарч байна шүү нөхөд өө. Төсөөллийн индекс бол төсөөллийнх л байдаг. Авлигатай сайн тэмцээд байгаа учраас төсөөлөл нь нэмэгдээд байгаа юм ч гэх шиг, авлигатай тэмцэх ажил бол зөвхөн АТГ-ын биш бид бүгдийн ажил ч гэх шиг, маш сайн туршлага хуримтлуулсан баг бүрэлдэхүүн байгаа гэх мэт янз бүрийн л юм ярих юм. Гэхдээ бидэнд, УИХ-д ч тэр, ЗГ-т тэр, АТГ-т ч тэр авлигыг устгаж чадна гэсэн итгэл үнэмшил байгаа эсэхэд эргэлзээ төрж байна. Итгэл үнэмшлээ дор бүрнээ бий болгож байж нийгэмд эерэг өөрчлөлт авчирна. Тэр чиглэлд ажиллаж чадна гэж нэр дэвшигч та итгэл төгс хэлж чадах уу?
Түүний асуултад нэр дэвшигч З.Дашдаваа хариуллаа.