
Ж.Золжаргал: УИХ D-Parliament ашиглан нээлттэй болоод байхад нийслэл чихгүй юм шиг байна
“D-Parliament” сайтад иргэд санал гаргаж, олон нийт дэмжсэнээр УИХ-ын байнгын хороо, чуулганаар тухайн асуудлыг нь авч хэлэлцдэг болсон. Гэвч хууль эрх зүйн хүрээнд ямар нэгэн шийдвэрт хүрэх боломжгүй, үр дүн муутай байгаа гэсэн шүүмжлэл гарч байгаа. Харин мягмар гаригт D–Parliament платформтой холбоотой асуудлаар хэлэлцүүлэг болсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалаас тодрууллаа.
-Иргэдээс санал гаргаж, олон нийт дэмжсэнээр УИХ-аар хэлэлцдэг болсон. Харамсалтай нь олигтой үр дүн гарахгүй, санал гаргаж дэмжсэн иргэдийн талд шийдвэр гарахгүй байна гэсэн гомдол гарч байна. Хэлэлцүүлэг энэ талаар хөндөв үү?
-Яг ямар асуудал дээр санал авах, авахгүй вэ гэдгийг аль нэгэн гишүүн, сайдын саналаар шийдэхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэд төр барих үйл ажиллагаанд шууд, эсвэл төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох эрхтэй. Энэ эрхийг нь ч Улсын Их Хурлын тухай хуулиар баталгаажуулаад өгчихсөн байгаа. Тус хуулийн 39 дүгээр зүйл дээр ямар байдлаар оролцох боломжтой вэ гэдгийг заачихсан. Хууль тогтоомжийн тухай хууль дээр ч энэ талаар бий. Эдгээр хуулиудад зааснаар ямар асуудлаар гаргасан саналыг хэлэлцэхгүй вэ гэдгийг ч тусгасан. Тухайлбал, тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөөг хязгаарласан зэрэг саналуудыг хүлээж авахгүй гээд байгаа юм. Бусад асуудал бол нээлттэй. Харин хүмүүс саналаа гаргаад, олон нийт дэмжсэн бол хугацаанд нь авч хэлэлцээд хариу өгөөд явдаг байх нь цалин аваад ажлаа хийгээд явж байгаа төрийн байгууллага, албан хаагчдын үүрэг.
Тийм ч болохоор Монгол Улс 2022 оноос хойш “D-Parliament” гэдэг платформыг хөгжүүлээд, УИХ ажиллаж байгаа. Гэвч сүүлийн үед хүмүүс бидний гаргасан санал тоондоо хүрчихсэн байхад яагаад чимээгүй болчихов гээд асуугаад байна. Иймд цахим ашиглан иргэдтэйгээ ажиллах энэ ажиллагаанд ямар асуудал байна, түүнийг нь яаж сайжруулах вэ гэдэг хэлэлцүүлгийг эхний ээлжинд УИХ-ын Тамгын газрын мэргэжлийн хүмүүс, олон нийтийн байгууллагын төлөөлөл, судлаачид, идэвхтэй санал гаргадаг хүмүүсийн төлөөллийг оролцуулан хийлээ.
Хүмүүс санал гаргаад 30 хоногийн дотор 33 мянга, 100 мянга гэдэг бол маш том тоо байна. Гэтэл үүндээ хүрсэн саналыг ч гэсэн хэлэлцээд хэдэн сар таг болдог, хариу өгөхгүй байна гэдгийг хэлж байна. Наран сэвстэйн боомт, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх гээд олон жишээг дурдан хэллээ. Тиймээс нэгдүгээрт, хугацаан дээр нь бланс тэнцэл хэрэгтэй. Хоёрдугаарт, хуулийн төсөл дээр өгсөн саналыг авсан эсэх нь мэдэгдэхгүй байна. Тусгагдсан үгүй талаарх ч хариу өгөхгүй байна гэдгийг хэлсэн. Уг нь хууль тогтоомжийнхоо дагуу бол хариу өгөх ёстой. Техник, системийн х увьд сайжруулах шаардлагатай. УИХ-ын Тамгын газар энэ жил шинэчлэл хийгээд таны саналыг авлаа гэж хариу өгдөг болно.
-Гадаад улсад энэ төрлийн цахим системийн туршлага нь ямар байдаг вэ?
-Манай улсын хувьд Их Британийн туршлагыг нэлээд загвар болгож ашиглаж байсан юм билээ. Тэнд 10 мянган хүний босго давчих юм бол харьяалж байгаа төрийн байгууллагууд нь авч хэлэлцээд болно, болохгүй гэдэг хариуг нь өгдөг. Манайд болохоор 33 мянга хүрэхгүй бол 10, 20 мянган хүний санал байхгүй болчихоод байна. Энэ чинь олон мянган хүний эрх ашиг шүү дээ. Үүнийг хаяж болохгүй. Тиймээс босго тоонд хүрээгүй бол яах вэ гэдэг дээр шийдэл хэрэгтэй.
-Босго тоог хэрхэн шийдэх боломжтой вэ?
-Хэд хүрвэл чуулганаар, хэд байвал Засгийн газар хэлэлцдэг байх вэ гэдгийг тогтоож өгөх нь зүйтэй. Английн жишээ гэхэд 10 мянга бол Засгийн газар руугаа явуулдаг, 30 мянган хүрэхээр парламентаараа хэлэлцдэг юм билээ. Ийм байдлаар зохицуулахын тулд сайн судлах хэрэгтэй.
Саяхан автомашины татварыг нэмсэн асуудлаар өргөдөл гараад УИХ-ын дарга чиглэл өгч ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Гэтэл уг санаа нь нийслэлийн ИТХ хуулиар олгогдсон эрх, хэмжээнийхээ хүрээнд татварыг нэмсэн. Нэг ёсондоо нийслэлд энэ саналаа өгөх, түүнийг нь авах ёстой. Харамсалтай нь тийм юм алга. УИХ нь ингэж болоод байдаг, нийслэл чихгүй юм шиг нэг даргын үгээр татвараа нэмээд байдаг юм гэх шүүмжлэлийг сая хэлэлцүүлгийн үеэр хүмүүс хэлж байна. Тэгэхээр цахим засаглалын хүрээнд нийслэл, дүүрэг, аймгийн ИТХ дээр иргэдийн саналыг бодитоор авдаг байдлыг идэвхжүүлэх шаардлагатай юм биш үү гэдгийг ч хэлсэн. Энэ бол их үндэслэлтэй зүйл.
Орцны лифт эвдэрсэн, гудамжны зам дээр халтирч унаад гэмтээд байна гэдэг гомдол, саналыг одоо УИХ-ын гишүүнд тавиад байгаа. Тиймээс энэ зохицуулалтыг хийж байж иргэдийн хандах субьект нь тодорхой болж, нөгөөдүүл нь хариу өгдөг болно.
-D-Parliament системд хүртээмжгүй байдал их. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст боломж байхгүй. Дээрээс нь олон шат дамжлагаар дамжиж нэвтэрдэг тал байдаг. Эдгээрийг хэрхэх вэ?
Цахим гарын үсгийг ашиглаж байгаа. Түүнийгээ ДАН системээр дамжуулаад баталгаажаад явдаг. Одоогийн байдлаар энэ нь хамгийн хялбар бөгөөд баталгаатай шийдэл гэж үзэж байгаа. Үүнийг бүр хялбаршуулчихвал эрх зүйн асуудалд хандаж байгаа учраас болохгүй байх. Эхэндээ хүмүүс ашиглаж мэдэхгүй байсан тал бий. Гэвч сүүлийн үед цахим талбарт орж санал их хурдтай, дээрээс нь их органик байна гэж харж байгаа.
-ДАН системээр ороод санал өгөхөөр хэн ямар санал өгснийг мэдээд байна. Тиймээс төрийн албан хаагчдын санал хумигдаад байна гэдэг шүү дээ. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Хүн өөрийгөө нууя гэвэл нийгмийн сүлжээнд болно. Харин хуульд санал өгч байгаа бол Монгол Улсын иргэн та чөлөөтэй. Ямар дарга байх нь хамаагүй, битгий айгаач ээ л гэж хувиасаа хэлье.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Т.Хөвсгөл
ШИНЭ МЭДЭЭ


