МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.05
Хууль, эрх зүй

Б.Хэрлэн: Ажлын байрны дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.04/ хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

Өнөөдөр хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг өшөө илүү тодорхой болгож зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж ирж байгааг зарчмын хувьд дэмжиж байна. Хөдөлмөрлөх эрхтэй холбогдуулаад ялангуяа ажлын байран дахь дарамт, хүчирхийллийн хэрэгт ногдуулах хариуцлагыг тодорхой болгох тухай асуудлыг та өөрчлөлтдөө хамруулах эсэхийг асууя.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын конвенцэд хөдөлмөрийн харилцаанд хүн бүх хүчирхийлэл дарамтаас ангид байж хөдөлмөрлөх эрхтэй байхаар заасан. ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагын гишүүний хувьд манайх хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа хуулиуддаа, тэр тусмаа хөдөлмөрийн хууль, төрийн албаны тухай хууль, цаашилбал зөрчлийн тухай хуулиудад хөдөлмөрлөх эрхийг хангах, хамгаалах тухай тодорхой заалтуудыг оруулж ирсэн байгаа. Ялангуяа хөдөлмөрийн хуулинд ажлын байрны дарамт, хүчирхийлэлтэй холбоотойгоор аливаа төрлийн дарамт хүчирхийллийг хориглоно гэж тодорхой заасан. Гэтэл өнөөдөр бизнесийн болон төрийн байгууллагуудад эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, ажил үүргээс нь гадуурх ажил үүргийг хариуцуулах, ажлын бус цагаар ажиллахыг шаардах, цаашилбал насаар нь ялгаварлах, улс төрийн нам, үзэл баримтлалаар нь бас ялгаварлан харилцах, улмаар ажлаас нь халах, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөхийг шахах байдлууд их гарч ирж байгаа. Үүнийг ойрын хэдэн жил томоохон гашуун үйл явдлуудаар анзаарсан. Зарим нэг хүний амь насанд хүрсэн явдал бий. Зарим нэг нь амиа хорлох явдал гарсан. Тэгэхээр ажлын байрны дарамт хүчирхийлэл гэдэг бол яах аргагүй хүнийг бие махбодын болон сэтгэл санааны, эд хөрөнгийн хохиролд хүргэдэг. Эдгээр нь хуулиудад тодорхой хэмжээгээр заагдсан хэдий ч маш ерөнхий зохицуулалтууд байгаа учраас энэ тухай асуудал хараахан шийдэгдэж чадахгүй байна. Судалгаагаар ажлын байрны хүчирхийллийн талаарх нэгдсэн ойлголт байхгүй нь харагдсан. Тэгэхээр хүчирхийлэлд өртсөн тухайгаа ХЭҮК, байгууллагын удирдлага ч юмуу, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэж байгаа байгууллагууд нь өөр өөр хариу өгөөд байна гэж дүгнэсэн байна. Зарим нь үүнийг дарамтад өртсөн байна гэж үздэг, зарим нь үгүй гэдэг. Энэ бол яах аргагүй энэ талаарх ойлголт нэгмөр болоогүй байгаатай холбоотой. Энэ ойлголт, тайлбарыг тодорхой болгох тухай дээр та бүхэн юу хийх гэж байна вэ?
Ажлын байрны дарамт хүчирхийллийн тухай дээрх хуулиудад ерөнхий байгаа учир энэ зөрчлөөс яаж сэргийлэх үү, яаж таслан зогсоох уу, буруутай этгээдэд ямар хариуцлага ногдуулах уу, хохирлыг яаж барагдуулах уу гэдэг асуудлууд нь бүрэн гарч чадаагүй байгаа учраас хаа хаанаа ойлголт нь цэгцрэхгүй байна.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ