МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.10
Эдийн засаг, Худалдаа

Н.Алтаншагай: Зах худалдааны төвүүд дээр "өдрийн зээл" нэртэй мөнгө хүүлэлт явагдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.10/ хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/-ийг хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үгээ хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох гэж байна. Энэ хууль батлагдсанаар зээлдэгч нарын зээлжих зэрэглэлийг тогтооно гэж ойлгож байгаа. Ингэснээр зээлийн хүртээмж бодитоор хэдэн хувь, хэрхэн яаж нэмэгдэх вэ?
Иргэдэд банкны зээлийн хүртээмж муу, шаардлага өндөртэйгөөс шалтгаалан ББСБ, ломбардуудаас өндөр хүүтэй зээл авч байгаа. Өрнөөс өрний хооронд орон байр, хашаа байшингаа алдах тохиолдууд маш их гарч байна. Шүүх рүү явдаг. Энэ нөхцөл байдлыг зээлийн мэдээллийн тухай хуульд ямар зохицуулалтаар шийдэж өгөх вэ?
Мөн өдрийн зээл гэдэг айхтар эд байна. Зах худалдааны төвүүдэд мөнгө хүүлэлт явагдаж байна. Аман байдлаар тохиролцдог. 7 хоног, сарын хугацаатай зээлийн хүү нь маш өндөр. Худалдаа эрхлэгчид маань өөрсдөө авч хэрэглэж, маш өндөр хүү төлж байгаа. Энэ тал дээр ямар зохицуулалт цаашид хийх вэ?
Цахим зээлийн асуудал давхар яригдана. Маш их материал бүрдүүлж залуус маш ихээр ашиглаж зээл авч байгаа. Тэгэхээр өрнөөс өрний хооронд, ББСБ-аас авсан зээлээ цахим зээлээ дарах маягаар нөхсөн ийм хүнд байдал байна. Энэ талаар Монголбанк ямар бодит шийдвэрүүдийг гаргаад байна вэ?

ШИНЭ МЭДЭЭ