МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.22
Гадаад харилцаа

Б. НАЙДАЛАА: ЕВРАЗИЙН ТҮР ХЭЛЭЛЦЭЭР ҮР ДҮНТЭЙ БАЙХ ЭСЭХ НЬ БИДНЭЭС, МОНГОЛ УЛСААС ХАМААРНА

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны (2025.04.22) өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

Энэ асуудал нэлээн маргаантай байгаа. ХҮН намын зөвлөл дээр өчигдөр танилцуулгыг сонссон. Судалгааг нь нэлээн сайн үзсэн.
Том зургаараа дэнслээд үзвэл Монгол Улс энэ хэлэлцээрт түр хугацаагаар нэгдэх нь зайлшгүй зөв байна. Манай улс хоёрхон хөрштэй. Урд хөрштэйгөө эдийн засгийн гол харилцаагаа хийж байгаа. Хойд болон баруун хөршүүдтэйгөө огт хийдэггүй. Улс хөгжих, эдийн засаг хөгжих хамгийн эхний ул суурь бол ердөөсөө зах зээл. Тэр зах зээлийг нээх, нээхгүй гэх хоёрхон сонголт бидэнд бий. "Нээхгүй ээ" гээд суувал бидэнд ямар ч утга учир байхгүй. Тэгэхээр зарчмын, бодлогын хувьд Монгол Улс заавал Еврази биш Америк, Япон гээд бүх зах зээлээ нээх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байна.

Мөн найман бүтээгдэхүүнээ хасчихсан юм байна. Алдчихвий гэж эмзэглээд байгаа гол нэрийн бараануудаа хамгаалчихсан юм байна. Тодорхой хэмжээгээр эрсдэл багассан байна. Гишүүдийг болон бусад хүмүүсийг бодоосой гэж хүсээд байгаа юм. Зах зээлээ нээж байж Монгол Улс бэлэн байдалд орно уу гэхээс бэлэн болчихоод туузаа хайчлаад дараа нь зах зээлээ нээдэг зүйл хаана ч үгүй. Зах зээлээ дагаж үйлдвэрлэнэ, хөрөнгө оруулалт нь явагдах тул яах аргагүй эхлээд зах зээлээ нээж байж бизнес эхлэх, хөрөнгө оруулах сэдэл нь төрнө. Энэ нь судалгаагаар харагдаж байна лээ. Үүнийг бодитой зөв алхам гэдэгт эргэлзэхгүй байна. Зах зээлээ нээгээгүй үед хэн арьс элдээд, үхэр үржүүлээд, мах зарах гээд суух уу? Тэгэхээр заавал энэ хэлэлцээр байж байж дараагийн бизнесийн хөрөнгө оруулалтын тохироо эхэлнэ. Богино хугацаанд үр дүн гарахгүй байж магадгүй. Гэхдээ дунд хугацаанд шинээр ХАА-н юмуу, түүхий эдэн дээр суурилсан үйлдвэрлэл, бизнес, экспортод чиглэсэн бизнесийн сэдэл төрнө гэж бодож байна.

Нэг асуулт байна. Хамгийн чухал зүйлийг бид орхигдуулаад байна. Яг үнэндээ Монгол Улс энэ хэлэлцээрээс үр дүнтэй байх эсэх нь энэ хэлэлцээрээс биш, Евро-Азиас биш, Казакстанаас биш, Оросоос биш зөвхөн биднээс хамаарна. Зарим жижиг улсууд Евразийн хэлэлцээрт ороод алдсан гэж жишээ яриад байна. Тэр алдсан улсууд нь Евроазиас болоогүй, тарифаас болоогүй өөрсдийнх нь бизнесийн орчин байхгүй буюу өөрсдөө гэрийн даалгавраа хийж чадахгүйгээс болсон. Миний асуулт бол хэлэлцээрт ороход болж байна. Яг японтой адил бусад улсуудтай ижил зах зээлээ нээчихлээ. Монгол Улс хэлэлцээртэй холбоогүйгээр бизнесийн орчныг таатай болгох, татварыг нь багасгах, бүртгэл тооцоо зөвшөөрлийг нь багасгах, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бизнесийн орчныг сайжруулахад ямар дорвитой алхам хийх вэ?

Түүний асуултад Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ