
2025.04.11
Улстөр
Оюу Толгой тойрсон асуудлуудаар Ерөнхий сайдад асуулга тавилаа
Асуулгад.
- Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан Оюу Толгойн зэс, молибденийн бүлэг ордтой холбогдох таван ашиглалтын тусгай зөвшөөрлийн хоёр тусгай зөвшөөрөл (MV-015225, MV-015226)-ийг Онтрэ ХХК эзэмшдэг бөгөөд уг тусгай зөвшөөрлүүдийн талбайд бүлэг ордын нийт батлагдсан нөөцийн 30 орчим хувь ноогдож байна. Тус тусгай зөвшөөрлүүдтэй холбогдох асуудлаар 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Канад улсын Ванкувер хотын арбитрын шүүхийн шийдвэрийг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоох, Монгол Улсын эрх ашгийг хангуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх яриа хэлэлцээ эхэлсэн эсэх болон явцын талаарх мэдээлэл;
- Дээр дурдсан яриа хэлэлцээний үр дүнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилтын хүрээнд Оюу Толгойн бүлэг ордыг ашиглах санхүүгийн тооцоолол, энгийн хувьцааны эзэмшил, тусгай АМНАТ зэрэг боломжит бүх хувилбарууд дээр санхүү, эдийн засгийн тооцоолол хийсэн эсэх, энэ талаарх санхүүгийн тооцоолол, судалгаа;
- Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой ХХК-д эзэмшиж буй энгийн хувьцааны 34 хувийн өнөөгийн үнэ цэнийг хэрхэн тооцоолсон, энэхүү хувь эзэмшилд эхний ногдол ашгийг хэзээ, ямар дүнгээр хуваарилах, мөн энэхүү үнэлгээнд Онтрэ ХХК-ийн эзэмшилд буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нөөц, баялгаас Монгол Улсад ногдох хувь хэрхэн нөлөөлөх талаарх дэлгэрэнгүй тооцоолол бүхий судалгааны мэдээлэл;
- Монгол Улсын Татварын ерөнхий газраас Оюу Толгой ХХК-д 2013–2015 онд 377.1 тэрбум, 2016–2018 онд 649.0 тэрбум, 2019–2020 онд 279.0 тэрбум буюу нийт 1.3 их наяд төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ноогдуулсан. Харин 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Австралийн “Financial Review” сонинд “Рио Тинто компани нь Монгол Улсын Засгийн газарт татварын маргааны асуудлыг 295.0 сая ам.доллар буюу 814.0 тэрбум төгрөгт багтаан шийдвэрлэхээр санал болгосон” талаар мэдээлсэнтэй холбогдуулан уг татварын маргааны явц болон Рио Тинто компаниас ирүүлсэн саналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл;