Хүн амын өсөлт буурахад нөлөөлж буй шалтгаанууд, тэдгээрийг шийдэх арга замыг эрдэмтэн судлаачид танилцууллаа
УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг МУИС-ийн Хүн амын сургалт, судалгааны төвийн захирал профессор Ц.Болормаа, профессор А.Солонго, дэд профессор Б.Энхцэцэг, Нийслэлийн бодлого судалгаа, шинжилгээний төвийн захирал, доктор А.Амарбал, Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын танхимын эрхлэгч доктор Б.Нарантулга тэргүүтэй хүн ам зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачидтай уулзлаа.
Тус уулзалтаар Монгол Улсын хүн амын өсөлтийн хурд буурахад нөлөөлж буй шалтгаанууд, тэдгээрийг шийдэх арга замын талаар эрдэмтэн судлаачид судалгаанд тулгуурлан олон шинэлэг санал, шийдлүүдийг танилцууллаа.
Тухайлбал, Ц.Болормаа “Хүн амыг дэмжих төрөл бүрийн хөшүүрэг Монгол Улсын олон хуульд тараад байршчихсан байдаг. Гэвч тэдгээр нь хүн амын өсөлтөд яаж нөлөөлж байгаа асуултад хэн ч хариулж чаддаггүй. Тиймээс хүн амын өсөлтийн бодлогыг концепцоор нь нэгтгэж явбал тодорхой үр дүнд хүрэх боломж бүрдэнэ” гэдэг байр суурийг илэрхийлсэн бол Б.Энхцэцэг БНСУ-ын жишээнд тулгуурлан өнөр өтгөн гэр бүлтэй болох хандлагыг залуу гэр бүлүүдэд бий болгох саналыг дэвшүүллээ. Мөн Б.Нарантулга хүн амын өсөлтийн бодлогыг тэтгэврийн бодлоготой уялдуулах, түүний ач холбогдлын талаарх байр сууриа илэрхийлж, А.Амарбал хүн амын өсөлтөд нөлөөлөх тодорхой шийдлүүдийг танилцуулав.
Хүн амын өсөлтийг дэмжих УИХ-ын дэргэдэх ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх багт эрдэмтэн судлаачдаа оруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.