МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.10
Улстөр

Б.Жаргалан: Хуулийн салбарт бүх зүйл сайхан байгаа мэт нэг нэгнээ хөөргөж, гоё ганган үгээр иргэдээ хуурч болохгүй

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцлээ.

Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Өнгөрсөн 7 хоногт АТГ-ын даргыг улираан томилсон. Өнөөдөр УЕП-ыг мөн улираан томилох асуудал орж ирж байна. Тус бүр 6 жилийн бүрэн эрхтэй томилогддог албан тушаал. Хуулийн дагуу АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосон. УЕП-ыг Ерөнхийлөгч санал болгож байна. Энэ 2 эрхмийг хоёуланг нь улираая гээд оруулаад ирж байна. Гэхлээр манай хуулийн салбар маш сайн ажиллаж байгаа юм байна.Ямар ч асуудал байхгүй юм байна гэсэн дохиог өгөхөөр байна л даа. Тэгтэл өнгөрсөн хугацаанд авлига огт буурахгүй байгаа томоохон хэргүүд огт шийдэгдэхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүн таслах болон ял эдлүүлэх үйл ажиллагаанд хүний эрхийн зөрчил маш ихээр гарсаар байна. Улс төрийн хэрэг тохох замаар өрсөлдөгчдөө намнадаг. Сонгууль дөхсөн үед гэнэт том том мэдэгдэл хийдэг баривчилгаа явуулдаг уламжлал тогтсон байна гэж хэлж болохоор байна. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны дүгнэлтэд Монгол улсад эрүүдэн шүүх явдал байсаар байгааг удаа дараалан цохон тэмдэглэсэн байдаг. Хуульд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацааг хэт уртаар тогтоосон нь орчин цагийн хэлмэгдүүлэлт үүсэх, мөрдөх, яллах, байгууллагын дур зоргоор аашлах нөхцөлийг бий болгож байна гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тогтоосон хэргийн тухайд хэрэг бүртгэх хугацаа 5 жил. Мөрдөн байцаах хугацаа 10 жил шүүхээр шийдэгдэх хугацаа 2 жил гээд тухайн гэмт хэргийг шийдвэрлэх хуулийн хугацаа даруй одоо 20 гаруй жил болчхож байгаа юм. Энэ бол хүний шударгаар шүүлгэх эрхэд ноцтой халдсан эрүүгийн журмаар хүнийг залхаан цээрлүүлэх дуугүй байлгах ийм хэм хэмжээ болчхоод байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоож яллагдагчаар татсан атлаа мөрдөн байцаалт нэрээр дахин 10 жил шалгана гэдэг хүнийг залхаан цээрлүүлж байгаа эрүүдэн шүүж байгаа хэрэг мөн биз дээ. Олон жил шалгагдаж байгаа энэ хугацаанд хилийн хориг гэх мэт тодорхой таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эрх нь зөрчигдөж байгаа маш олон хүн байгаа. Тэгэхээр бүх зүйл сайхан байна гэж 1 нэгнээ хөөргөөд гоё ганган үгээр иргэдээ бас хуурч боломгүй байна. Тэгэхээр энэ бол зөвхөн хувь хүнтэй тодорхой албан тушаалтантай холбоотой асуудал биш юм. Тиймээс аль асуудлыг байгууллагын удирдлагын түвшинд шийдэх юм. Аль асуудлыг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шийдэх юм. Ямар ч байсан энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хуулийн засаглалыг бэхжүүлэх. Хүний эрх, эрх чөлөөний зөрчлүүдийг арилгах тал дээр маш тийм зоригтой, дорвитой, шинэчлэл хийх ийм эр зоригтой байх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр энэ чиглэлд ийм дорвитой шинэчлэл хийхийн төлөө хамтарч ажиллах итгэл үнэмшил танд байна уу?

Түүний асуултад, УЕП-ын дарга Б.Жаргалсайхан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ