МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.03.28
Улстөр

Д.Үүрийнтуяа: Төрийн шийдвэр тогтвортой байж бодлого бодитоор хэрэгжинэ

УИХ-ын чуулганы /2025.03.28/-ны өдрийн хуралдаанаар  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан”-г танилцууллаа.

Уг тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

Төсөв баталж байх цаг хугацаанд хэлж байсан. Бид нар энэ төсөвт тусгаж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх хэрэгтэй байна. Эрэмбэлж ангилахдаа үр өгөөжийг тооцож үр ашгаас нь хамгийн их өгөөжтэйгөөс нь эхэлж хэрэгжүүлдэг болмоор байна. Тэгэхээр гүйцэтгэлийг гаргахдаа ч гэсэн  үр өгөөж ямар байгаа талаар яагаад эрэмбэлэлд ангилалд хийгдэхгүй байгаа юм бэ? Энэ дээр нэг тодорхой тайлбар өгнө үү? Хоёрдугаар 5 жилийн үндсэн чиглэлд тусгасан арга хэмжээний 65,4% нь бүрэн хэрэгжээгүй гэж байна. Үүнд нөлөөлсөн шалтгаан хүчин зүйлүүдийг аваад үзэхээр дийлэнх нь яамдын ажлын хариуцлагатай холбоотой байна. Ажлын уялдаа холбоо хангагдаагүй байна.  Баримт бичиг бүрдүүлбэр дутуу байна. Шалгуур үзүүлэлтээ тодорхой болгоогүй байна. Эргээд нөгөө хөрөнгө санхүүгээс болж шалтгаалж хойшилж байгаа ажлууд бол харьцангуй бага хувийг эзлээд байна. Тэгэхээр энд хариуцлагын механизм гэж ер нь байна уу? Ямар хариуцлага тооцдог юм бэ? Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.5-д зааснаар 10 жилийн хугацаанд хэрэгжих  хөтөлбөрүүдийг бид боловсруулах ёстой. Энэ хөтөлбөрүүд ер нь хэзээ эцэслэн боловсруулагдаж батлагдах вэ? Нэгдсэн бодлого төлөвлөлт 10 жилийн хугацааны хөтөлбөрүүд хэзээ гарах вэ? гэдгийг тодруулъя. Боловсролын яамнаас засгийн газрын хоёр тогтоолтой холбоотой нэг асуулт байна. 2021 оны ЗГ-ын 321 дүгээр тогтоолоор хөдөө орон нутагт их дээд сургуулиудыг байгуулах нь зүйтэй хэмээн ЗГ-аас үзсэн. Тиймээс Дархан,  Эрдэнэт,  Өмнөговьд сургуулиудын салбаруудыг өргөжүүлэх, шинээр байгуулах асуудлыг зохицуулсан. Энэ зохицуулалт дотор орон нутагт ажиллаж байгаа. Төрийн өмчийн их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийн 50%-ийг хөнгөлөх, төр даах тухай зохицуулалт орсон байгаа юм. Энэ асуудлыг тухайн жил тутамд нь улсын төсөвт суулгаж явахыг Боловсролын сайдад үүрэг болгосон байдаг. Энэ хэрэгжээд явж байсан 2024 оны 04 сард 102 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг зохицуулахдаа нөгөө 50%-аар хөнгөлөгдөх ёстой асуудлыг маань амьжиргааны баталгаажих түвшин хүрээгүй бол гэдэг байдлаар  2 өөр хувилбартай ийм заалт орчихсон. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүчин төгөлдөр байгаа ЗГ-ын 2 тогтоол 2 өөр зохицуулалттай. Орон нутагт байгаа их дээд сургуулиуд Боловсролын яамнаас 50%-ийн хөнгөлөлтийн санхүүжилтээ авъя аа гэнгүүт. Сүүлийн буюу 2024 онд батлагдсан энэ журмаа барина аа гээд явуулчихдаг. Өмнө нь 3 их дээд сургууль орон нутагт байгуулахаар шийдвэр гаргасан 321 дүгээр тогтоол  яах ёстой юм бэ? Үүнээс болоод 50%-ийн хөнгөлөлтийг бодоод Улаанбаатар хотод байгаа энэ төвлөрлийг орон нутаг руу сааруулъя. Их дээд сургуулиудыг орон нутаг руу шилжүүлье гэдэг энэ бодлого маань өөрөө хэрэгжих боломжгүй болжээ. Нөгөө 50%-ийн хөнгөлөлтөд болоод  хөдөө орон нутгийн сургуульд орчихсон оюутнууд өнөөдөр 100%-аар төлбөрөө төлөх болчхоод яагаад төр засаг ийм тогтворгүй шийдвэр гаргаад байгаа юм бэ гэдэг дээр хүртэл тулж байна. Үүн дээр тодорхой хариулт өгнө үү?

Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ