
2025.03.20
Улстөр
Д.ҮҮРИЙНТУЯА: ТУС ТУСДАА ХЭРЭГЖИЖ БАЙГАА ЯАМДЫН БОДЛОГУУДЫГ НЭГДМЭЛ БОДЛОГО БОЛГОЖ БАЙЖ ХҮН АМЫНХАА ӨСӨЛТИЙГ ДЭМЖИЖ ЧАДНА
УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Л.Энхнасан, УИХ-ын гишүүн С.Зулпхар, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд гэсэн есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн ахалж байгаа ажлын хэсэг анхдугаар хуралдаанаа хийж ажлын төлөвлөгөөг хэлэлцсэний зэрэгцээ Эдийн засаг, хөгжлийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам болон Үндэсний статистикийн хорооны төлөөллийг оролцуулж Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох салбаруудын барьж буй бодлого, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх танилцуулгыг сонслоо.