
2025.03.17
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.03.17) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд үүний нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина” гэж заасан.