МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ПИСА үнэлгээнд хамрагдсанаар боловсролын системийн хөгжилд дэвшил авчирлаа
2025.04.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

ПИСА үнэлгээнд хамрагдсанаар боловсролын системийн хөгжилд дэвшил авчирлаа

Улсын Их Хурлын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, гишүүд О.Саранчулуун, Д.Рэгдэл, Б.Хэрлэн нарын баг болон Боловсролын сайдын хамт өнгөрөгч амралтын өдрүүдэд Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгуудад ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд батлуулсан Боловсролын багц хуулиар боловсролын харилцаанд зөвхөн сурагч, багш гэсэн хязгаарлагдмал зохицуулалтаас татгалзаж нийгмийн олон талт харилцаанд тулгуурлан эрх, ашиг, нийгмийн баталгаа, тасралтгүй хөгжил, тэгш хүртээмжийг хангах, ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, насан туршдаа суралцах зохицуулалтыг тусган ажиллахыг зорьж, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд засаглалын шинэчлэл, чадахуйд суурилсан мэргэжлийн удирдлага, цахим шилжилт, тэгш хамруулах, гүйцэтгэлээр санхүүжих, сурагчдын үнэлгээний системийг өөрчилж хүүхдийг амьдралд бэлдэх суурийг бүрдүүлсэн гэж үздэг.

​Тиймээс цаашид илүү өргөжүүлж, бататгаж, хэрэгжилтийг нь үр дүнтэй хангаж, энэхүү харилцааг боловсронгуй болгон сайжруулж, ирээдүйд боловсролын байгууллагад олон хүн ажиллах хүсэл, тэмүүллийг бий болгох хэрэгтэй гэж үзэж буйгаа байнгын хорооны дарга Ч.Ундрам тодотгов.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг тусгаж, анх 2021 оны 01 дүгээр сард Байнгын хорооны тогтоолоор Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын хэсэг байгуулагдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ээс нийгмийн хариуцлагынхан хүрээнд нийт 160.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, тус ажлыг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган ажиллажээ.

Тус ажлын хэсэг 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд бүрэн хэрэгжиж дуусаагүй тул үйл ажиллагааг үргэлжлүүлж, үр дүнг тооцох нь зүйтэй гэж үзэн Байнгын хорооны тогтоолыг шинээр байгуулан үргэлжлүүлэн ажиллаж байна.

Мөн түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий боловсролын сургалтын чанарыг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор олон улсын ПИСА үнэлгээнд хамруулж, үндэсний чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлнэ” гэсэн зорилтыг тусгаснаар Монгол Улс 2022 онд анх удаа ПИСА үнэлгээний шалгалтад оролцсон нь манай улсын боловсролын системийн хөгжилд чухал алхам болсон.

Монгол Улсын хэмжээнд нийт 7276 сурагч уг шалгалтад хамрагдаж, 81 орноос математикийн чиглэлээр 47-д, Байгалийн ухааны чиглэлээр 50-д, Унших чадвараар 36-д, амьдралын сэтгэх чадвараар 29-д жагссан.

Энэхүү үнэлгээг нухацтай авч үзвэл, хэдийгээр бусад оронтой харьцуулахад доогуур үнэлэгдсэн ч боловсролын түвшинг тодорхойлж, сургалтын чанараа ахиулж, олон улсын үнэлгээний үзүүлэлтийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой.

Ч.Ундрам "Бид цаашид боловсролын системийг шинэчлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулах, төсөв, санхүүгийн оновчтой хуваарилалтыг хийхэд анхаарч илүү дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлж, хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.

Мөн Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны Боловсролын зорилтод “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” хэмээн тусгасан бөгөөд 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын хувьд дээрх ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр та бүхнээс гаргасан хүсэлт, цаашдын хөгжлийн зорилт, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, Улсын Их Хурал болон Засгийн газарт уламжлан зохистойгоор шийдэхэд анхаарч ажиллаж байна.

​Салбарын өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэж, шийдлүүдийн талаар санал бодлоо илэрхийлэн оролцохоор ирсэн та бүхэнд болон хамтран зохион байгуулж байгаа Боловсролын ерөнхий газрын хамт олон болонд ажлын амжилт хүсье" гэв.

Мэдлэг Монголын баялаг

ШИНЭ МЭДЭЭ