СУМЫН ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД 5 ЖИЛ ТУТАМД ОЛГОГДОХ МӨНГӨН УРАМШУУЛЛАА АВЧ ЭХЭЛЛЭЭ
2024.04.04

СУМЫН ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД 5 ЖИЛ ТУТАМД ОЛГОГДОХ МӨНГӨН УРАМШУУЛЛАА АВЧ ЭХЭЛЛЭЭ

2024.04.01-ний өдрөөс эхлэн сумын Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчид маань 5 жил тутамд нэг удаа олгогдох мөнгөн урамшууллаа авч эхэллээ.

Эргэн сануулбал, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт /2022.10.12/ өргөн барьж, улмаар байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол үзэл санаа нь Хөдөө орон нутагт төрийн албанд ажиллах залуус ховордож, боловсон хүчний хомсдолд орох эрсдэл гарч, сумын ЗДТГ төрийн үйл ажиллагаа явуулахад боловсон хүчний дутагдалд ороод байв.

Тухайлбал, Төв аймаг болон бусад аймгийн сумдын төрийн албанд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг ч ажиллах хүн олдохгүй, нэг албан хаагч хоёроос гурван хүний ажлыг давхар хийдэг. Мөн цалин бага, нийгмийн баталгаа хангагдаагүй, байр орон сууцгүй зэрэг шалтгааны улмаас ажил хариуцах залуус олдохгүй, төв суурин газрыг зорих нь нэмэгдэж буйг тойргийн иргэдтэй хийх уулзалтын үеэр олон удаа яригдаж байсан. Орон нутагт нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсад, төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид 5 жил тутамд нэг удаа мөнгөн урамшуулал олгодог. Харин төрийн захиргааны албан хаагчид ийм урамшуулал олгох хууль, эрх зүйн зохицуулалт байдаггүй байв.

Тийм учир Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид маань тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн баталгаа сайжирах боломж нөхцөл бүрдсэн үр дүнтэй ажил болсон гэж бодож байна.