2024.02.20

Малчдад тусламж хүргэх баг Дундговь аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг УОК-ын баг бүрэлдэхүүнтэй Дундговь аймагт очиж, Адаацаг сумын малчидтай уулзлаа. Дундговь аймагт өмнө нь Засгийн газрын тогтоолоор 320 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгоод байсан юм. Энэ удаа улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ өвөл сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цас унасан байна. 2009-2010 оны зудтай өвлөөс дахин илүү, 1975 оноос хойш ороогүй хэмжээний их хур тунадас буусныг мэргэжлийн байгууллагууд онцоллоо.

Дундговь аймгийн хэмжээнд одоогоор 42.5 мянган тоо толгой мал хорогдсноос 35 мянган бог мал, адуу 5900, үхэр 900, тэмээ 21 хорогдоод байна. Малын хорогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа учраас 15 сумдад малын сэг зэм устгахад шаардлагатай эдийн засаг, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг уулзалтын үеэр АОК-оос хүсэлт гаргасан. Мөн Цагаандэлгэр, Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Адаацаг, Өндөршил, Сайхан-Овоо, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн автомашин эвдэрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд хүндрэлтэй байгаа тул туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж өгөхийг уламжиллаа.

Дундговь аймгийн хувьд 2024 оны 2 сарын 18-ны байдлаар бүх сум цасан бүрхүүлтэй байна. Үүнээс Сайнцагаан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Өндөршил, Өлзийт, Эрдэнэдалай сумд 4-11 см, жалга хунгар газраа 70 см битүү цасан бүрхүүлтэй, шилэн цагаан зудын байдалтай байна. Мал их хэмжээгээр уруудсан эрэл их байгаатай холбогдуулж, Өлзийт сумын Буянт багт отрын бүс байгуулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn