Сайд Х.Болорчулуун дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийг хүлээн авч уулзав
2023.11.29

Сайд Х.Болорчулуун дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийг хүлээн авч уулзав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын дэд захирал асан, Дэлхийн банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпорацын Монгол мах төслийн олон улсын зөвлөх Мэтью Стон (Matthew Stone) болон холбогдох албан хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Олон улсын санхүүгийн корпорацтай байгуулсан санамж бичгийн хүрээнд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу хамгаалалттай аж ахуйн журмыг нийцүүлэн боловсруулж байна.

Уулзалтын үеэр тухайн журмын боловсруулалт, хамгаалалттай аж ахуйг баталгаажуулах, хянах SPS эрсдэлийн удирдлагын баталгаажуулалтын механизмын талаар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шинжээчид олон улсын туршлага хуваалцаж, санал солилцов.

Сайд Х.Болорчулуун Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлогыг тууштай баримталж ажиллаж байгааг дурдан, хамгаалалттай аж ахуйн журам батлах төдийгүй стандарттай болсноор Монгол улсын бэлчээрийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөх, малчдын амьжиргаанд бодит дэмжлэг болох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлснээр том утгаараа улсын эдийн засгийг солонгоруулахад өндөр ач холбогдолтойг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд Олон улсын санхүүгийн корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Мэтью Стонд Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлгийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн медалийг дурсгал болгон гардуулсан юм.
Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, экспортыг тогтвортой явуулах зорилгоор “мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах зорилт дэвшүүлэн засгийн газрын 2022 оны 424 дүгээр тогтоолоор батлуулж, хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.