2023.09.11

ХИЙДИЙН СУУРИНГИЙН АВТО ЗАМЫГ СЭРГЭЭН ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тойрогтоо ажиллаж байна. Хэнтий аймгийн Хийдийн суурингийн эвдрэлтэй авто зам буюу нэгдүгээр багийн дундуур, урдуур тавигдсан авто замыг улсын чанартай авто замд оруулж, Зам тээврийн хөгжлийн сайдын багцаас 1.070 тэрбум төгрөгийн санхүүжилтээр авто замыг сэргээн шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.

Тус замыг улсын замд оруулах, шинэчлэх шийдвэрийг эргэн сануулбал, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймгийн авто зам, гүүрийн ажил, түүхэн аялал жуулчлалын болон стратегийн ач холбогдол бүхий авто замын трасс гаргах, зам арчлалт, засвартай холбогдуулан 2021 оны наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллахад Ц.Идэрбат гишүүн тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа замын асуудлыг дэвшүүлж, улмаар хоёр жилийн дараа ийнхүү бодит ажил хэрэг боллоо.

Тус шинэчлэлийн ажлыг “ Харгуй АЗЗА” ТӨХК гүйцэтгэх юм байна. Мөн цаашид засвар, үйлчилгээг хариуцан ажиллах үүрэгтэй болж байна.