Говьсүмбэр аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудад мэдээлэл өгч, харилцан санал солилцов
2023.09.07

Говьсүмбэр аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудад мэдээлэл өгч, харилцан санал солилцов

Говьсүмбэр аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудад мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо. Миний хувьд тус аймгийн боловсролын салбарынхантай хоёр дахь удаагаа уулзаж байна.

Бид боловсролын багц хуулиар сургуулийн захирал, эрхлэгч нарыг улстөрөөс хараат бус, мэргэжлийн мерит зарчимд суурилсан, мэдлэг, чадвар, туршлагаас гадна хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байх гэдэг шалгуур тавина.

Боловсролын байгууллагын удирдлагууд бол хүүхэд бүрд тэгш боломж олгосон, сургалтын орчин бүрдүүлж чадсан, хүүхдийн эрхийг хамгаалсан, багш нарынхаа ур чадварыг дээшлүүлэх боломж олгодог, хамт олныхоо төлөө ажиллаж чаддаг, эцэг, эхчүүдтэй эргэх холбоотой ажилладаг ийм хүмүүс байх ёстой.

2023-2024 оны хичээлийн жилд багтааж улсын хэмжээний бүх сургуулийн цахим орчныг бүрдүүлэх дэд бүтэц, компьютер, тоног төхөөрөмжийг 100 хувь шийдвэрлэх, боловсролын багц хуулийн үндсэн 6 шинэчлэлийг бодитой хэрэгжүүлж чадвал алслагдсан багш, алслагдсан сурагч гэдэг ойлголт үгүй болох ёстой юм гэдгийг багш нар маань маш сайн ойлгожээ. Багц хуулиа боломжийн сайн судалж, танилцаж байгаад баяртай байна.

Мөн багц хуулийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулж байгаа аргачлалыг эргэж харах, сайжруулах. Жишээлбэл эцэг эхчүүдээс асуулга авахад учир дутагдалтай зүйл гарч байгааг багш нар хэллээ.

3 ээлжээр хичээллэх эрсдэлд ороод байгаа Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн шинэ барилгын асуудлыг 2024 оны улсын төсөвт тусгуулах, 2 дугаар сургуулийн зүгээс дотуур байртай болох, номын сангийн ширээ сандлаар хангах, компьютер тоног төхөөрөмж олгуулах зэрэг хүсэлт, саналууд тавигдлаа.