Үерт автсан өрхүүдийг нүүлгэж, усны урсгалыг зөв гольдролд оруулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв
2023.07.06

Үерт автсан өрхүүдийг нүүлгэж, усны урсгалыг зөв гольдролд оруулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв

Улаанбаатар хотод үргэлжилсэн бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн хэд хэдэн байршилд нөхцөл байдал хүндэрсэн байдалтай байна.

Үүний нэг нь дүүргийн 23,35-р хороо Улиастай гол орчим. Одоогийн байдлаар энэ хавийн 160 өрх үерт автсан байдалтай. Үерийг зөв гольдролд оруулахын тулд дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханаар ахлуулсан 200 гаруй төрийн алба хаагчид 3 хоногийн турш ажилласан ч хүн хүч, техник тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байна.

Дүүргээс сонгогдсон гишүүний хувьд тус байршилд дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчидтэй очиж хово, экскаваторын дэмжлэг үзүүлж, төрийн алба хаагчдад нэн шаардлагатай борооны цув, усны гутал, оймс, бээлий зэргийг өглөө.

Өнөө шөнөдөө багтааж хотын удирдлагуудтай хамтарч нэмэлт экскаватор, хово зэргийг шийдвэрлэнэ. Мөн дүүргээс сонгогдсон төлөөлөгчид яаралтай хуралдаж үер, усны гамшгийн эсрэг болон гамшгийн дараах шаардлагатай ажлын зардлыг дүүргийн төсөвт суулгаж, шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэл өглөө.