2023.06.09

С.Ганбаатар: Нисэхийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг хуулиар шийдэж чадах уу?

УИХ-ын чуулганы /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар “Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

10-дугаар зүйлийн талаар тодруулъя. Үүнд төрийн захиргааны байгууллагын дарга түүний бүрэн эрх гээд орчихсон байна. Даргын эрх үүрэг төрийн захиргааны байгууллагын хуульд ороогүй юм байна л даа. 10.2-д дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж нарийвчлаад заачихсан байна. 11.1-д Дарга иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалт хийх эрхээ иргэний нисэхийн хяналтын байцаагч болон иргэний нисэхийн мэргэшсэн ажилтанд гэрээгээр бүхэлд нь эсвэл хэсэгчлэн шилжүүлж болно гэжээ.

11.2-д Дарга эрхээ шилжүүлсэн түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Эрх шилжүүлэх гүйцэтгэх журмыг Монгол Улсын Засгийн Газрын гишүүн батална гэж бичжээ. Эрхээ шилжүүлчихээд дараа нь хариуцлагаас мултрахгүй гэдэгт тайлбар авах гээд байгаа юм. Тодруулна уу?

Хоёрдугаарт навигац бол том орлого л доо. Энэ төсвийн орлого биш. Үе үеийн Засгийн газар үүнийг төсөвтөө авах гээд, төсвийн цоорхойгоо нөхөх гэж оролддог нь үнэн. Энэ бол аюулгүй байдлыг л баталгаажуулах тухай олон улсын хүлээсэн үүрэг байдаг. Гэтэл уг хуульд үүнтэй холбоотой зүйл олж харсангүй. Навигацын аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа нэг хэлбэр нь нисэхийн боловсон хүчнийг дэлхийн стандартад бэлдэнэ гэсэн үүрэг хариуцлага байдаг болов уу?

Нисэхийн боловсон хүчнийг бэлдэнэ гэдэг чинь дарга нарын арын хаалганы авлигалын хэлбэр болоод явчихсан. Энэ асуудлыг сүүлийн үед холбогдох хүмүүс нь сайн гаргаж ирж байгаа. Харин даргын эрх, үүргийн зүйл заалт дотор юу ч алга. Навигацын орлого /300-аад тэрбум төгрөг/ одоо бол 100 тэрбум төгрөг гэж буй. Энэ их мөнгө шүү дээ. Энэ мөнгөний хяналт нисэхийн боловсон хүчнийг бэлтгэхдээ улс төрчдийн шахаа, найраа тал тохой татах ажиллагаа 20-30 жил үргэлжилсэн. Үүнийг тасалсан зүйл уг хуульд байна уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.