2023.04.12

Иргэд эмийн чанар, үнийн асуудлыг хөндөж байна

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тойрогтоо ажиллаж байна.

ХҮҮХДИЙН ДУУ ХУУР ЦАНГИНАСАН ШИНЭ ӨРГӨӨНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

Манай Өвөрхангай аймагт тэр дундаа Арвайхээрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Дулааны станц, музейн барилгын ажил төлөвлөснөөрөө явж Зоонозын өвчин судлалын төвийн барилга, Арвайхээр сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн урлаг заал, номын сан бүхий өргөтгөл ашиглалтад орж шинэ бүтээн байгуулалтын нээлтийг энэ сарын 9-нд хийсэн. Тойрогтоо ажиллах үеэр хүүхдийн дуу хуур цангинасан шинэ өргөөний нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хамт оролцлоо. Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль 2008 онд байгуулагдсан 1, 9, 12 дугаар багийн хүүхдүүд сурдаг бөгөөд урлаг заал, номын сан бүхий өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар найман сарын хугацаанд барьж хүлээлгэн өгч байна.

Тус сургуулийн 53 бүлэгт 1780 хүүхэд сурч, 120 багш ажилтан ажилладаг бөгөөд анги танхмын хүрэлцээгүй байдлаас энэ хичээлийн жил эхлэхэд сургуулийн ээлжийн коэффициент 2.1-т хүрч гурван анги гурван ээлжинд орох нөхцөл байдалтай байсан. Тэгвэл өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор ээлжийн коэффициент 1.7 д хүрч, таван анги нэг ээлжид оруулж, сурагчид хичээлийн бус цагаар давтлагад хамрагдах, урлагийн чиглэлээр хүүхэд хөгжүүлэх дугуйлангийн үйл ажиллагаа өргөжиж, шинэ номын сангаар олон хүүхэд үйлчлүүлэх боломж бүрдэж байгаад хүүхдүүд багш нар баяртай байна .

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарынхантай энэ сарын 9-нд уулзлаа. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон аймгийн удирдлагууд, ЭМЯ-ны удирдлагын багийн төлөөлөл, харьяа газрын дарга, мэргэжилтнүүд гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болсон уг уулзалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 500 гаруй хүн оролцож эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн хэрэгжилт, тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцсон.

Эрүүл мэндийн сайдын алба хүлээж аваад өнгөрсөн гурван сарын хугацаанд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйг боловсронгуй болгох чиглэлд анхаарч эхний ээлжинд хэд хэдэн хуулийн төслийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар оруулахаар ажиллаж байгаа. Хуульд салбарын ажилтнуудын саналыг тусгахыг чухалчилж буй тул саяхан болж өнгөрсөн “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан “Эмч нараа сонсъё” аяныг зохион байгуулж 1000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй уулзаж санал бодлыг нь сонссон.

Нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад онцгой анхаарал хандуулахын зэрэгцээ эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс, урамшуулал, ур чадварын нэмэгдэл зэрэг асуудлыг ул суурьтайгаар судлан бодитоор нэмэгдүүлэх, шалгуур үзүүлэлтийг оновчтой болгохоор ажиллаж байна. Иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн аргад тохируулга хийх, зарим нэг үйлчилгээний өртгийг дахин тооцох зэрэг ажлыг хийж байгаа. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилт, ЭМД-тай холбоотой зарим нэг өөрчлөлтүүдийг хэрэгжүүлээд эхэлсэн.

Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрсөн хөрөнгөөс эх орондоо эмчилж оношилж чадахгүй байгаа өвчнийг эмчлэх аргыг нэвтрүүлэх, нутагшуулахад тодорхой хэмжээгээр зарцуулдаг байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Эрүүл мэндийн тухай хуульд 25-аас дээш жил ажилласан бол тэтгэварт гарахдаа төрөөс нэг удаагийн тэтгэмж авах тухай заалтыг Төрийн албаны тухай хуулиар төрд ажилласан жилтэй дүйцсэн сараар тооцсон тэтгэмжийг авдаг байхаар өөрчлөх шаардлага байгаа. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг авч буйн тоонд ХХБ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцны ипотекийн зээлд нэн тэргүүнд хамруулахаар болсныг нэрлэж болно. Эрүүл мэндийн салбарт эрсдэлийн болон хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарын хувьд тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал харьцангуй гайгүй хэрнээ иргэнд үйлчилгээ үзүүлэх тал дээр харилцаа хандлагын зөрчил үүсч иргэдийг бухимдуулдаг зүйл олон гарч байгаа. Тиймээс эмнэлэг бол үйлчилгээний байгууллага гэдэг утгаар хандаж үйлчилгээний соёлыг хэвшүүлсэн үйлчилгээний стандарттай болох ёстой хэмээн үзэж стандарт боловсруулах ажлыг хийгээд дуусч байгаа зэрэг хийж хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөж буй ажлынхаа талаар нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан.
Мөн Арвайхээрт ажиллаж иргэдтэй уулзалт хийх үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудтай холбоотой санал иргэдээс олон гарч байгаад анхаарч ажиллах шаардлага байгааг салбарынхандаа онцлон захилаа. Манай эмч, эмнэлгийнхэнд асуулт санал олон байсан. Тэдгээрт ажил хариуцсан хүмүүсийнхээ хамт нэлээд дэлгэрэнгүй хариултуудыг өгсөн бөгөөд гарсан санал нэг бүрийг анхаарч ажиллах болно.

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөр болон олон улсын зээл тусламжаар хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ чамлахааргүй байсныг уг уулзалтын үеэр танилцуулж байв. 2021 онд 5.7 тэрбум, 2022 онд 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2023 онд 12.9 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд Гучин-Ус, Төгрөг суманд 15 ортой ЭМТ-ийн барилга, Хархорин суманд 100 ортой эмнэлэг шинээр ашиглалтад орж, Бат-Өлзий, Богд, Хужирт, Хайрхандулаан сумдын ЭМТ-ийн барилгын өргөтгөлийн ажлууд дуусах бөгөөд Арвайхээрт Зоонозын өвчин судлалын төв шинэ барилгынхаа нээлтийг хийлээ. Эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч 2021 онд 3.7 тэрбум, 2022 онд 877 сая төгрөгийг улсын төсөв, олон улсын зээл тусламжийн санхүүжилтээр шийдвэрлүүлсэн юм.

ӨВӨРХАНГАЙ ЗООНОЗЫН ЖИШИГ ТӨВТЭЙ БОЛЛОО

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв стандартын шаардлага хангасан лаборатори бүхий шинэ барилгатай болсон. Улсын хэмжээнд анхны гэж болох жишиг барилгатай болсон зоонозынхон шинэ байрныхаа нээлтийн ёслолыг энэ сарын 9-нд хийсэн юм. Зоонозын өвчин судлалын үндэсний төв аймаг, дүүргүүдэд 14 салбар нэгжтэй. Тэдгээрээс ердөө дөрөв нь өөрийн гэсэн барилгатай, бусад нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсны нэг нь Өвөрхангай аймгийн ЗӨСТ.\

Өвөрхангайн зоонозын мэргэжилтнүүд улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өөрийн гэсэн шинэ байртай болж, тав тухтай орчинд сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторид ажиллаж, хүн амын дунд гарч болох мал амьтнаас хүнд халддаг элдэв өвчин, ковид-19-тэй адил шинэ болон сэргэж болзошгүй халдварт өвчнийг илрүүлэх тандан судалгааг явуулах, урьдчилан сэргийлэх, оношлогоо баталгаажуулалтыг хийх боломж тодорхой хэмжээгээр бүрдэж буй юм. Манай улс зоонозын өвчний эрсдэлтэй оронд тооцогддог бөгөөд жилийн дөрвөн улиралд ачаалал буурдаггүй, хавар дөрөвдүгээр сараас эхлээд хээрийн тандалтад явдаг цаг наргүй ажилтай энэ байгууллагын хувьд улсын төсвөөс санхүүждэг ч Төрийн хэмнэлтийн хуультай уялдан төрийн байгууллагын санхүүжилтийг тодорхой хувиар хассан нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг хумьж, хүндрэл учруулж буйг намайг өнгөрсөн сард Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэр танилцуулж байсан.

Онцгой нөхцөл үүссэн үед ажилладаг онцгой албаныхан хэрнээ Төрийн хэмнэлтийн тухай хуулиар томилолт, түлш шатахуун зэрэг зайлшгүй шаардлагатай зардлуудаа төрийн захиргааны байгууллагатай адилтган хасуулсан алдааг залруулах ёстой гэсэн байр суурьтай байдаг юм. Түүнчлэн халдварт өвчний голомтод тэргүүн шугаманд ажилладаг зоонозын мэргэжилтнүүдийг эрсдэлийн даатгалд хамруулах ажлыг хийж байна.

ЭМИЙН САН, ЭМИЙН ҮНЭ, ЧАНАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ИРГЭД ИХ ЯРЬЖ БАЙНА

Өнгөрөгч амралтын өдрүүдэд тойрогтоо ажилласан. Арвайхээрт аймгийн эрүүл мэндийн салбарынхантай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцахын хамт тулгамдаж буй асуудлуудыг нь сонсч шийдвэрлэх арга замынх нь талаар санал солилцох уулзалтуудыг зохион байгуулахын хамт багуудын иргэдийн нийтийн хуралд оролцож, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Ноён 10 дугаар баг, Хүйс толгой 11 дүгээр багийнхан хуралдаа онцгой идэвхтэй оролцсон. Тэд амьдарч буй орчноо тохилог, цэвэрхэн байлгахаас хэлээд иргэд өөрсдөөс шалтгаалах асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх, нэг нэгэндээ шаардлага тавьж зөв дадал хэвшилтэй амьдрахад суралцах гээд олон асуудлыг Иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцдэг.

Энэ удаагийн хуралд аймгийн удирдлагуудын хамт оролцож улс орны эдийн засгийн байдал, улс төрд өрнөж буй үйл явц, УИХ, Засгийн газраас авч буй арга хэмжээ, бодлого шийдвэрийн хэрэгжилт, хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж, санал солилцлоо. Иргэд Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны талаар нэлээд сонирхож, талархаж байна. Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байх зарчмыг энэ удаад онцгой сайн баримталж төрийн, ард түмний өмчид гар дүрсэн хэнийг ч ялгалгүй хариуцлага тооцох ёстойг хэлж байлаа.

Мөн АТГ-ын орон тоог нэмэх хэрэгтэй, тэдний хийсэн ажлыг шүүх, прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож байна шүү гэсэн захиасыг ч дайсан. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдийн амьдрал хүндээр тусч байгааг олон хүн ярьсан. Мишигдорж гуай телевизээр барааны үнэ 53 хувиар өссөн байхад хөгшчүүдийн тэтгэвэр нэмэгдэхгүй байгааг шүүмжилж төсөвт тодотгол хийж тэтгэвэр нэмэх асуудлыг яаралтай ярих ёстой гэв. Мөн уулзалт бүр дээр шахам тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмсэн шийдвэрээр насаараа төрд ажиллаж шимтгэлээ шударгаар төлж тэтгэвэрт гарсан иргэдийг хэлмэгдүүлсэн алдаагаа засахыг шаардаж байлаа.

Эмийн үнэ, чанартай холбоотой асуулт, санал энэ уулзалт дээр ч олон гарсан. Эмийн сангууд үнээ дураараа нэмж байгаад төр засаг анхаарах ёстой, эмийн сангуудыг аттестатчилж эм барих тусгай эрхтэй мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахгүй бол хэн дуртай нь энэ ажлыг хийж байна гэсэн шүүмжлэлийг ч хэлсэн. Уулзалт дээр ярьж хэлсэн зүйлс, тавьсан санал нэг бүрийг судалж холбогдох газарт нь хүргэж асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn