2008.09.23
Төр дэх бригад
Төр дэх бригад
Воры в законе
“Бригадын бригадирт загнуулаад…” гэж нэгэн буриад өвгөн ярьж байхыг багадаа сонссоноо мартдаггүй юм. Нэгдэл, сангийн аж ахуйн бригад. Социалист хөдөлмөрийн бригад гээд олон бригад монголд байжээ. Селтик гаралтай энэ үгийг анх Шведийн хаан Адольф Гюстав эргэлтэд оруулсан гэнэ. Цэргийн бүлэглэл, цол зэргийг илтгэж байсан энэ үг яаж яваад монголд ирсэн нь сонин. "Work brigade" гэсэн ойлголт ч англи хэлэнд байдаг юм байна. Би хэлний мэргэжилтэн биш болохоор энэ тухайд бус тэс өөр Бригадын тухай өгүүлэх юм.Оросын Бригад
“Бригада” буюу “Law of the Lawless” хэмээх оросын цуврал кино монголчуудад танил болоод удаагүй. Энэ бол Зөвлөлтийн импери задран унасны дараа гэмт бүлэглэлүүд хэрхэн үүсэж хөгжсөнийг бараг л баримтаар үзүүлсэн кино.1990 онд ЗХУ задран унаснаар ажилгүй болсон төрийн албан хаагчид, аюулаас хамгаалах байгууллага болон армиас цомхотголд өртөгсөд, халагдсан цэргүүд, афганы дайчид нь гэмт бүлэглэлүүдийн ажиллах хүч болон хувирчээ. Эхэн үедээ братва гэсэн нэр дор зангилагдсан бүлэглэлүүд (Солнцевская братва г.м) хар зах, хөлсний лангуу, жижиг, том дэлгүүрийн эздээс татвар авах, сүрдүүлэг хийх замаар санхүүжиж байлаа. Аажимдаа илүү нарийн зохион байгуулалтад орж өөрсдийгөө “организация” гэж нэрийдэх болсон байна. Оросын мафи гэдэг ойлголт нь гадаадынхны өгсөн нэр бололтой. Организация өргөжихийн хэрээр Бригада болж томрон эгнээндээ 100 мянга илүү хүнийг нэгтгэж байна гэсэн статистик дурдагдах боллоо.
Москвад гэхэд л найман бригад хяналтаа тогтоож тэдний гарт 1992-1994 онд 10 банкир алагдсан гэсэн мэдээ цацагдаж байв. Бригадын толгойлогчид өөрсдийгөө орос уламжлалын дагуу “Вор в законе”(хуульчлагдсан хулгайч) гэж дуудуулах дуртай ажээ.
“Хулгай”-г хуульчлах гэдэг их л гаж сонсогдох агаад түүх сөхөж үзвэл 1774 оны есдүгээр сард оросын зартай дээрэмчин, хулгайч Е.И.Пугачев Ижил мөрний хавьд Засгийн газрын цэргүүдэд баривчлагдан Москвад хүргэгджээ. Өөрийгөө III Петр хэмээн зарлаж байсан энэ хулгайчийг найман хамтрагчийнх нь хамт өршөөсөн Екатерина II хатан хааны зарлиг 1775 оны нэгдүгээр сарын 10 -нд гарсан байна. Эндээс “Вор в законе” хэмээх үг гарсан агаад Екатерина II хатан хаан тэднийг анхнаас нь бодлогоор дээрэм тонуул хийлгэж байсан бололтой юм.
Октябрийн хувьсгалын өмнө ч, хойно ч “хуульчлагдсан хулгайч” гэж өөрсдийгөө нэрлэгсэд олноороо байсан нь шорон дотроо, гэмт хэргийн ертөнцийнхөө хүрээнээс хальдаггүй байв. Дэлхийн II дайны дараа ЗХУ-д эрүүгийн нөхцөл онцгой хүндэрч “хуульчлагдсан хулгайч” нар хэдэн арван мянгаар тоологдон, гэмт хэргийн ертөнцөөсөө хальж гарах болсон тул Сталины дэглэм шийдвэртэй арга хэмжээ авч, тэдэнд дайн зарлажээ. Албан бичиг баримтад хүртэл “хуульчлагдсан хулгайч” гэх нэр томьёо хэрэглэхийг хориглож, зохион байгуулалттай гэмт хэрэг гэх болов.
Руслан Хасбулатов ЗСБНХОУ Дээд зөвлөлийн дарга болсноор л Чеченчүүдийн бүлэглэл Москвад улам хүчирхэгжиж зэвсэгт дээрмийн ажиллагаа хүчтэй түрж орж ирсэн юм. 1990 оноос “хуульчлагдсан хулгайчид” ил гарч Оросын эрүүгийн ертөнц дэлхийд гайхагдаж эхэллээ. Тэд оросын амьдралын салаа мөчир бүрт шигдэн тэр ч бүү хэл төр засагт шургалав. Владимир Податев гэж зартай хулгайч Ельцинийг төр барьж байх жилүүдэд нэгэн чухал агентлагийн албыг хашиж байлаа. Өмнө нь хүн амь, хулгай дээрэм, хүчин гэсэн гурван зүйл ангиар шийтгүүлж байсан хүн шүү дээ. В.Путин Ерөнхийлөгч болсноор “хуульчлагдсан хулгайч” нартай ширүүн тэмцэл явуулж гадаадад зугтаж гарах нь гарч, алуулах нь алуулж, шоронд орох нь орсноор эрүүгийн нөхцөл байдлыг төрийн хяналтад оруулж чадлаа. Бригад-ын дээр хөх тэнгэр бус Төр байж, “хуульчлагдсан хулгайч” нар даварч болохгүйг ойлгуулав.
Монголын Бригад
Бороо гоулд, Заамарын алт, Цайрт минерал,Тамсагийн түүхий нефть зэргийг хулгайлагч хэдэн үеэрээ идээд барахгүй мөнгөтэй болсон хэрнээ хулгайн дон нь хатгаад ард түмний хөрөнгөөр нээгдсэн дараа дараагийн ордууд руу ахин гараа дүрлээ.Монголын алтыг монголчуудад нэг төгрөг ч өгөлгүйгээр гаднынхантай нийлж тоносон хүмүүс бол хуулиар өмгөөлүүлсэн л болохоос хүний хармаанаас таван төгрөг суйлдаг, айлын цонхоор орж зурагтыг нь тэврээд гардаг хулгайчаас өөрцгүй хүн. Түүнийг дан эрх мэдэлтнүүд, улс төрчид өмөөрөөд байгаагаас нь ажихад Монголд Бригад хэзээний үүсчихсэн бололтой. Ялгаатай нь төрд шургалагчдаас бүрдсэн Бригад болохоор тэдний дээр зөвхөн хөх тэнгэр л цэлийх ажээ.
2000 оноос өмнө монголд хуульчлагдсан хулгайч нэг, хоёр л байв. Тэд нар Эрдэнэт хэмээх ард түмний хармаа руу цөөхүүлэхнээ гараа дүрж байснаас журмын нөхдөдөө(МАХН-ын) адлагдан, суудлаасаа онхолджээ. Түүнийг онхолдоход сөрөг намынхан гэхээсээ өөрийнх нь нам илүү их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэд хараахан Бригад байгуулж чадаагүй братва буюу ахан дүүсэг ёсныхоо шатанд явсан бололтой юм. Үнэхээр ч мөнгө цөлмөх багаа нэг ангийнхан, нутаг усныхаараа голлон бүрдүүлсэн байлаа. “Зууны луйвар” гэж телевизийн шуугиант нэвтрүүлэг төрийн өмчийг хулгайлсан хамгийн анхны, хамгийн том хулгайг илчилсэн юм.
2000 оноос нам, төрийг хослон барих болсон “суут хулгайч” өмнөхөөсөө сургамж авч, ганцаараа идсэн гахай балардгийг ойлгоод Бригадаараа, намаараа хусах өргөн фронтыг нээсэн байна. Тэр цагт “Хурд” хамтлаг “Хулгайч, засаг хоёр угтаа найз болсон” гэж дуулсан нь юутай үнэн.
УИХ-д сууж кноп дардаг 72 хүүхэлдэйнүүдээс гомдол гаргах болов. Засгийн газарт заларсан мяндагтнууд л Бригадад багтан төрийн өмчийг нүдэн дээр нь өм цөм хувааж идээд, тэдэнд хусам ч өгдөггүй байжээ. Эсэргүүцэл гарч эхэлсэнд том хулгайч нар нь сандралдаж хэсэг бодолхийлсний эцэст гарц олжээ. Энэ бол “гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгө” гэгч луйвар байв. Эхний удаад гишүүн бүрт 10 саяыг бэлнээр хуваариллаа. Оргүй хоцрох нь гэж айж байсан гишүүд өнөө 10 саяынхаа 6-7 саяар нь Эрээнээс хөгжим авч сумдад тараагаад УИХ-д өгсөн тайландаа 10 саяар тусгадаг байв. Ингэнэ гэдгийг нь тооцсон Бригад командлагчид тайланг нь шалгах үедээ “ийм хөгжим ч 10 сая хүрэхгүй дээ” гэж эмзэг цэг дээр нь дарснаар “за ингээд бүгдээрээ хулгайч болсон шүү” гэдгийг ойлгуулж дөнгөжээ. Одоо өрвөлзөх хүн ч үгүй, нийтээрээ хулгайлах боллоо.
Гаалийн Баатар бол хулгай улаан цагаандаа гарч байсны нэг л илрэл шүү дээ. Түүнийг “итгэлтэй хүн” гэж үзсэн том хулгайч нар нь Бригадын мөнгөний уутан дээр дундын сангийн эзнээр тавьжээ. Улсын сан руу орох ёстой мөнгөнөөс Бригадад, бас өөртөө хуваарилах нь түүний үүрэг байж. Сонгуулийн үеэр журмын нөхөд Бригаддаа ил тодоор хулгайн мөнгөнөөсөө хандивлана. Ингэхийг ч шаардана. “Хулгай хийсэн чинь үнэн тул хувиа тушаа” гэх маягийн юм болдог байжээ. Засагт шургалсан бүх хүн чадах хэмжээгээр “хусах” үүрэгтэй. Үгүй бол хардлагад өртөнө. “Чи адилхан идэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Арай …” гээд л номхруулдаг болжээ.
Хөдөлмөрийн баатар малчин, УИХ-ын гишүүн асан нэгэн бээр хулгай хийлцээгүй тул хөсөр хаягдан гуларч, дотуур байрны жижүүр хийж байгаад тарчигхан нөхцөлд хорвоог орхижээ. Болсон явдлыг Ху-гийн ху… нар нь “хулгай хийхгүй бол ийм тавиланд” унадаг гэсэн байдлаар хүлээж аваад улам шаргуу хусах болсон.
Эрдэнэт, Гааль, Татвар, Мянганы зам, аймаг, сум, дүүргийн захиргаа, сургуулийн барилга, эмнэлгийн төсөв гээд ард түмний гэх “хэний ч бус” хөрөнгөн дээр хулгайч нар сандайлж аваад идэж гарлаа. Тэр жилүүдэд нэгдүгээр эмнэлгийн дэргэдэх шарил хадгалах газрын дарга болохоор хоёр хүн ана мана, ач тач үзэлцэж, хэвлэлээр хүртэл муудалцаад авчээ. “14-хөн ажилтантай жижиг газрын дарга болох гэж юундаа сүйд болоо вэ?” гэсэн ТВ-ийн хөтлөгч хүүгийнхээ асуултад аав нь “Энд чинь хэрэндээ хөөрхөн төсөв өгдөг л байхгүй юу” гэж хариулж байсан юм.
Сайд С.Отгонбаярын яриа: “Улсын нөөцийн газрын дарга комиссар Алтангэрэл гэхэд нөөцийн агуулах дээр шөнөөр очоод обьектийнх нь даргыг дарамталж байгаад 7800 ширхэг радиотар хулгайлаад 5-6 чиргүүлтэй машинд ачиж аваачаад дэд дарга н.Бямбасүрэнгийнхээ барьж байгаа байшинд аваачаад шахчихсан. 10433 метр берзинт хулгайгаар ачуулсан. Эхнэртэйгээ хоёулаа гарын үсэг зурж байгаад 3000 тонн шатахуун хулгайлсан. Шөнийн 23 цагаас өглөөний 6 цагийн хооронд ачдаг байгаа юм. Энэ бүх хулгай тонуулд зөвшөөрөл өгч гарын үсэг зурдаг хүн нь П.Даш комиссар” гэжээ.
П.Дашийг хэн ч, яаж ч чадахгүй байгаа нь тэр боссуудын хулгай хийсэн баримтыг сайн хадгалдгийнх нь гэж учир мэдэх хүмүүн айлдав.
Ингээд бидний мөнгөөр бидэнд үйлчилж байх ёстой төр маань биднийг шулах Бригад болон хувирчээ. Бригад томрохоороо хагардаг жам тэднийг тойрсонгүй.
Бригадын хагарал
“Не пойман, не вор” гэсэн хэлц үг оросуудад бий. Эрүүгийн ертөнцөөрөө зартай ард түмэн онож хэлжээ. Баригдаагүй бол манай эрх баригчид юу гэж хулгайчаараа дуудуулхав. Гачлантай нь хийсэн хулгайнууд нь ар араасаа илрээд энэ засаг хэцүүхэн байна.“Ардчилал” сонинд УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж “ХЗДХ-ийн сайдыг огцруулснаар зарим хэсэг бүлгийн нөхөд ял завшиж болзошгvй. Илэрхий зүйл байгаа. Танил тал, нутаг нуга,хань хамсаатнаа томоохон ял зэм хүлээхээс мултлаад л байгаа шүү дээ. Асар их мөнгө идсэн нь ч, зохион байгуулдаг нь ч бий. Би үүний амьд гэрч нь. Хэрэг гарлаа гэхэд түргэн тусламж авч очоод ялаас мулталдаг, хүмүүс ч бий. Захиалагч нь ч бий. Гүйцэтгэгч нь бас. Зохицуулагч ч бий. Ийм замаар ХЗДХ-ийн сайдыг мултлах гээд байгаа гэж бодогдоод байгаа” хариуцлагатайгаар мэдэгджээ.
Нүүдэлчин амьдралын хэвшил нь монголчуудад хөрөнгө зөөр хураах боломжийг хэзээ ч олгож байсангүй. Ардчилал ялснаар хувийн өмчтэй болж, хөрөнгө хуримтлуулах, өмчийн харилцаанд оролцох боломж нээгдсэн бөгөөд үүнийг дагаад хөрөнгийн урсгалыг хянах, тэндээс шимэгчлэх замаар хөрөнгөжих эрмэлзлэлүүд гарч ирсэн. 1990 оноос хойш арваад жил өнгөрөхөд нийгэм мэдэгдэм хөрөнгөжиж, мөнгөжжээ. Бий болсон мөнгөний хуримтлалаас ахиухан хазчих санаатай шимэгчдийн Бригад гарч ирсэн нь жам ёсны мэт боловч эмгэнэлтэй нь Бригад нь Төр өөрөө болчихсонд л байгаа юм. Бригадыг хазаарлах хүч нийгэмд үгүйлэгдэж байна.
Бригад доторх бүлэг хоорондын тэмцэл өнөөдөр ид оргил үедээ(онц сонирхолтой гэмээр ч юм уу) ирээд байна. Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн хооронд ил далд явагдаж байгаа мөргөлдөөнийг олон түмэн “хулгайч нар нэгнээсээ зууран там руу унаж байна” гэж тодорхойлж байгаа. Тэдний мөргөлдөөн дундаас ашиг унагачих гэсэн цөөврүүд ч идэвхжиж, зарим нэг нь үсээ гельдэн гөлийлгөчихсөн “Оюу толгойг ингэх нь зүйтэй” ч гэх шиг зурагтаар идэвхийлэн ярилцлага өгөх ажээ.
УИХ дахь МАХН-ын бүлгийн шийдвэрээр хариуцлага алдсан сайдууд огцрохгүй болж Ерөнхий сайд нь тэднээс уучлалт гуйгаад, өргөдлөө буцааж татах болжээ. Хулгайч нарын хэлээр бол энэ нь “Чи миний хулгайг илчлэх гэж байгаа бол би чиний хулгайг илчилнэ” гэж харилцан барьцалдсаны эцэст аль аль нь амаа хамхих тохиролцоонд хүрч салсаан” гэсэн утгыг илтгэнэ. Олон нийт үүнийг нь эсэргүүцэхээр буцаж огцруулна гэж яриад, маш их уймарч байна. Нөгөө тал нь үхлийн цохилт болгон гурван гишүүнийх нь эрхийг түдгэлзүүлэхээр ахин заналхийлэв. Зодоон яаж төгсөх бол.
“МАХН-д зөвхөн дээд зиндааныхан нь эрх мэдлээ булаалдаж “алалцдаг” байсан бол одоо дунд, доод төвшнийхөн ч тулалдах болжээ. МАХН-д “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүр, “Онц их хурлын төлөө”, “Шинэ эргэлт” хөдөлгөөн”, “Зүүний хүчнүүдийн холбоо” ил ажиллаж байна. Эдгээрийн хажуугаар хошуу холболдон гүйлддэг нууц бүлгэмүүд ч бий. Тус бүрийнх нь цаана тэднийг санхүүжүүлэгч олигархууд бас байгаа. Тэгэхээр МАХН-ын XXV их хурлаар хэн гэгч лидер ялалтын дуу аялах нь түүний хүмүүс төлөөлөгчөөр сонгогдож чадах эсэхээс хамаарна” гэж “Зууны мэдээ” сонин бичсэн нь Бригад их хурлаараа хэдэн хэсэг болж хагарах магадлал үүсээд байгааг хэлсэн хэрэг.
Бригадаас яаж салах вэ?
Орост хүчирхэг төр байгаа учраас Бригадыг журамлажээ. Харин манай төр өөрөө Бригад болчихсон байхаар хэн тэднийг журамлаж, хэн хариуцлага тооцох вэ?Ард түмэн. Сонгогчид л эдэнтэй хариуцлага тооцож чадна. Ирэх сонгууль ийм алтан боломжийг олгож байгаа. Ашиглаж чадахгүй бол бид мафижсан төр бүхий Болгар маягийн хөгждөггүй, бас үхдэггүй Бригад улс болон хувирна.
2007.09.24
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.