2023.03.16

Сонгинохайрхан дүүргийн англи хэлний олимпиадыг ивээн тэтгэж оролцлоо

Жил бүр уламжлал болгон явагддаг Сонгинохайрхан дүүргийн Англи хэлний олимпиадыг дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын 105-р сургууль хамтран амжилттай зохион байгуулсан.

Миний бие УИХ-ын гишүүний хувиар тус олимпиадыг ивээн тэтгэж оролцсон бөгөөд шагнал гардуулах ажиллагааны үеэр багш сурагчидтай уулзаж, ярилцлаа. Улам бүр хавтгай, глобалчлагдсан, харилцан хамаарал бүхий болсоор байгаа дэлхий дээр өнөөдөр 1.5 тэрбум хүн англи хэлийг үндсэн болон хоёрдогч хэлээр ашиглаж байна.

Цахим сүлжээ, технологийн дэвшил амьдралын хэв маягийг тодорхойлж байгаа энэ үед англи хэлийг үр дүнтэй, хурдан сурах боломжуудын талаар сурагчдад зөвлөгөө өгсөн юм. Мөн олимпиаддаа амжилттай оролцож нийслэлийн шатанд өрсөлдөх эрхээ авсан багш, сурагчдадаа баяр хүргэж, амжилт хүслээ.

Англи хэлний олимпиад нь хамрах хүрээний хувьд хамгийн өргөн болдог бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-р ангийн 174, 12-р ангийн 147 сурагч, 24 багш өрсөлдсөн байна.