“Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” сургалт зохион байгуулагдлаа
2023.03.15

“Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” сургалт зохион байгуулагдлаа

Цаг агаар дулаарч байгаатаа холбоотой гэр байшингийн гадна дотно агаарын температурын зөрүү багасаж яндангийн таталт муудсанаас айл өрхүүд угаарын эрсдэлд өртөх, эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэл үүсдэг билээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын ХШХ-ийн дарга Б.Угтахбаяр

Тиймээс Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Таван Толгой Түлш ХХК-тай хамтран өнөөдөр (2023.03.15) гэр хорооллын сургуулиудын нийгмийн ажилтнуудаар дамжуулан хүүхэд, гэр бүлд нөлөөлөх зорилготойгоор “Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгөх” сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтад Нийслэлийн гэр хорооллын сургуулийн 50 гаруй нийгмийн ажилтнууд хамрагдаж,  Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Таван толгой түлш” ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг мэдээлэл зөвлөгөө өгч оролцлоо.

Жил жилийн хамгийн өндөр угаарын эрсдэл гарсан тоо нь хавар, намрын улирал буюу 10-р сар болон 4-р саруудад байдаг бөгөөд угаарын хийн дуудлагын 80-95 хувь нь галлагаа дуусаагүй байхад яндангаа сугалж, өрхөө бүтээсэн тохиолдлууд бүртгэгддэг.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын АЧХЗБХ-ийн дарга Г.Даваажаргал:

Улаанбаатар хотын хэмжээнд хүйтний улиралд агаарын бохирдлын голлох эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхүүдийн галлагаатай шууд холбоотой байдаг. Тухайлбал, агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын айл өрхийн галлагаа, 10 орчим хувь нь автомашин, 6 орчим хувь нь цахилгаан станцууд, 4 хувь нь бусад эх үүсвэрээс бүрддэг.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын АЧХЗБХ-ийн дарга Г.Даваажаргал

Өнөөдрийн сургалтын зорилго нь угаарын хийн эрсдэл гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүүхэд багачуудад хүргэх зорилготой юм. Ингэхдээ нийслэлийн гэр хороолол дахь ЕБС-ийн нийгмийн ажилтнуудаар дамжуулан сурагчдад мэдээлэл хүргэх, мэдлэг олгох зорилгын дор зохион байгуулагдаж буйгаар онцлогтой. Бидний зүгээс энэхүү ажлыг жил бүрийн хавар болон намрын улиралдаа зохион байгуулдаг юм.

Мөн угаарын хийнээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар дүүргүүдэд шуурхай штаб ажиллаж байна. Тус штаб нь гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, хий мэдрэгч төхөөрөмжийн үйл ажиллагааг сайжруулах улмаар хэрэглээх нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх  ажлын хүрээнд тус газраас 12 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх мессежийг үүрэн телефоны операторуудаар дамжуулан хүргэх
  • “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах” сургалтыг иргэдтэй хамгийн ойр ажилладаг Нийслэлийн төвийн 7 дүүргийн хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт 2,3,4,5 дугаар саруудад хуваарийн дагуу зохион байгуулах
  • Цахимаар нөлөөлье арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагууд, хороо хэсгийн ахлагч нартай хамтран угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тус байгууллагуудын цахим хуудас, телевизээр дамжуулан иргэд, олон нийтэд хүргэн ажиллаж байна.

Цаг агаар дулаарч, угаартах эрсдэл үүсэж байгаа тул:

  • Яндангаа хөөлөх
  • Пийшин зуухныхаа битүүмжийг шалгаж, янзлах, зай завсрыг битүүлэх
  • Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн зайг сольж хэвийн ажиллагааг хангах
  • Яндангаа авч өрхөө бүтээхгүй байх
  • Яндангийн сойлтыг хаахгүй байх
  • Үнсний савыг тогтмол цэвэрлэх
  • Галлагааг хийхдээ түлшийг хэт дүүргэхгүй байх зэрэг энгийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн хайртай гэр бүлээ хамгаалахыг зөвлөж байна.

“Тавантолгойн түлш” ХХК ХҮТ-ийн мэргэжилтэн П.Анхбаяр:

Энэ удаагийн сургалтад угаарын хийн эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, яндангийн хаалт хавхалга, угаар мэдрэгчийг хэрхэн зөв ашиглах гээд олон талын зөвлөмж мэдээллийг өгч оролцлоо.

“Тавантолгойн түлш” ХХК ХҮТ-ийн мэргэжилтэн П.Анхбаяр

Гэр хороололд хүүхдүүд ихээр гал түлдэг учир энэ төрлийн сургалт мэдээлэл нь өндөр ач холбогдолтой байдаг. Тиймээс энэ хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1000 гаран хүүхдэд энэ төрлийн сургалтыг зохион байгуулсан.

Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн зүгээс зуухны битүүмжийг сайжруулахад анхаарах, хүүхдүүдийн хувьд угаар мэдрэгчийг зөв ашиглаж сурах, яндангийн хаалт хавхлагийг хаах, дур мэдэж үнс нурмыг авахгүйн дээр дутуу галлахаас сэргийлэх нь зүйтэй.