Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо
2023.03.15

Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2023 оны Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах дадлага сургууль Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын талбайд боллоо. Уг дадлага сургууль нь 2004 оноос эхлэн 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээнд ОБЕГ-ын дэргэдэх агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийнхан Нийслэлийн онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн дадлага сургууль-2023 арга хэмжээнд оролцож байгаа юм. Тус анги нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийн хүрээнд эхний ээлжийн Airbus EC-145 T-1 загварын 2 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын “Cabri G-2” нисдэг тэргийг хүлээн авсан юм. Уг нисдэг тэргийг өнөөдрийн дадлага сургуулилтад туршлаа.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд Онцгой байдлын албыг бие бялдар, техник хэрэгслийн байнгын бэлтгэл сургуулилттай байхыг шаарддаг. Өнөөдрийн бэлтгэл, сургуулилт бол шинээр хүлээж авсан техник хэрэгслээ ашиглах, турших, бэлэн байдалд байх, бэлтгэлийг хангахад чухал арга хэмжээ болж байна. Дэлхий нийтэд үүсэж байгаа байгалийн гамшиг ослын тохиолдлоос харахад бүх төрлийн гамшигт ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах нь чухал байна. Мөн хот байгуулалттай холбоотой хууль зөрчиж буй аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, барилга байгууламжийн стандартыг ягштал мөрдүүлэх шаардлагатай гэсэн юм.

Дадлага сургуульд нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн 17 багийн нийт 200 гаруй тамирчид хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын Тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ.

Мөн баг тамирчид жагсаалын үзүүлэх тоглолт, салаа, бүлгийн 10 километрийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, аврах ажиллагаа, химийн хорт бодисоос хамгаалах норматив гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн юм.

Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах дадлага сургуулийг зохион байгуулснаар алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эр зориг, авхаалж самбаа, хурд хүчийг сорих, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой.