“Чингис Quiz Night” өдөрлөг болов
2023.02.06

“Чингис Quiz Night” өдөрлөг болов

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгийн хамт “ЧИНГИС QUIZ NIGHT” залуусын өдөрлөгт оролцож, салбар салбарын залуусын төлөөлөлтэйгөө санал бодлоо солилцлоо.

Хэнтий аймгийн оюутан, залуучуудын холбооноос Чингис хотод ажиллан амьдарч буй оюутан, залуусын чөлөөт цагийг үр дүнтэй ашиглах, тэмцээнээр дамжуулан шүүмжлэлт сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх, мэдээлэл цуглуулж судалгаа, дүн шинжилгээ хийх чадваруудыг дэмжиж, багаар ажиллах оюуны хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулсан юм.

Залуус чөлөөт уулзалтын үеэр Засаг төр, орон нутгаас залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа бодлого шийдвэрийн талаар сонирхож, үзэл бодлоо илэрхийллээ.

Тухайлбал, орон нутагт залуучуудад чиглэсэн хөнгөлөлттэй байр орон сууц барих, инженерийн шугам сүлжээнд холбогдож буйтай холбогдуулан жишиг хорооллыг залуустаа боломж олгож үргэлжлүүлэх, зөвхөн ЖДҮ, хоршооллоор хязгаарлалгүй хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлэх, төсвийн бүтээн байгуулалтын бодлогодоо залуусыг чөлөөт цагаа өнгөрөөх, соёл урлаг, спортын цогцолбортой болгох, бусдадаа үлгэрлэж яваа залуусын туршалгыг нэвтрүүлэх, Засгийн газраас хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд их дээд сургуулийг орон нутагт шилжүүлэн барих гэх мэт саналыг хэлсэн юм.

Дэд сайд М.Ганхүлэгийн хувьд Шинэ сэргэлтийн бодлого, төрийн аливаа ажилд залуучуудын дуу хоолой үгүйлэгдэж байгааг хэлж, залуусын шинэчлэл, манлайлал, оролцоо чухлыг онцолж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.